Шууд Chart

Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн хамт олон “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ

2016-05-24 10:47:17

МҮОНРТ-ээс зохион байгуулж буй “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тус хандивын арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр Зүүнхараад зохион байгуулагдсан юм. 

Үйл ажиллагааг нээж Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн дарга Б.Азжаргал “Бидний ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ боловсрол эзэмших тэрхүү нөхцөл байдлыг нь хангах үүднээс манай хамт олон МҮОНРТ-ээс зохион байгуулж буй “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аянд нэгдэж, нэг өдрийнхөө цалинг хандивлаж байгаа юм. Бидний энэ тус хүүхдийн цэцэрлэг босгох 25 мянган ширхэг тоосгоны мөнгө. Ирэх зургаадугаар сард манай Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн 65 жилийн ой тохиох гэж байна. Энэхүү түүхт ойгоо угтсан сайн үйлсийн аянд манай хамт олон нэгэн сэтгэлээр, нэгэн зорилгоор нэгдэж хүүхдийн төлөө “За” гэж хэлж чадлаа” хэмээн онцлов.

Харин “Монголын мэдээ” сувгийн Ерөнхий продюсер М.Амарбаяр “МҮОНРТ өнгөрөгч оноос эхлэн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг эхлүүлж, өнөөгийн нийгэмд нэн шаардлагатай байгаа хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх тал дээр тууштай ажиллаж ирсэн. Энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн танай хамт олонд талархал илэрхийлье. “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны талаарх бүхий л мэдээллийг МҮОНРТ телевизийн хоёр, радиогийн дөрөв, mnb.mn сайтаараа шууд дамжуулж олон нийтэд хүргэж байгаа” гэлээ.

Мөн “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны редактор Б.Хулан “МҮОНРТ өнгөрөгч оны долоодугаар сараас энэхүү аяныг эхлүүлж байсан. Үүнийхээ хүрээнд хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг хөндөж сурвалжлага бэлтгэж байлаа. Жишээлбэл, зарим дунд сургуулийн хүүхдүүдийн хэрэглэж буй модон бие засах газар болоод хүүхдүүд гэрээсээ сургууль хүртлээ, сургуулиасаа гэр хүртлээ ямар зам туулдаг талаар сурвалжилсан. 30 гаруй асуудал хөндсөн сурвалжлагуудыг МҮОНРТ-ээрээ дамжуулсан. Тэдгээрийн дундаас цаг алдалгүй шийдэх ёстой асуудлын нэг бол энэхүү цэцэрлэгийн асуудал юм байна гэдэгт бүгд санал нийлсэн. Монгол Улсад 200 мянган бага боловсрол эзэмших хүүхэд байдгийн 50 мянга орчим нь цэцэрлэгт явж чадахгүй, гэртээ өдрийг өнгөрөөж байна. Хүүхдүүд 1-5 нас хүртлээ амьдралдаа шийдвэр гаргах томоохон мэдлэгийг хуримтлуулж авдаг. Яг ийм үед нь хүүхдийг хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс яахын аргагүй энэхүү дутагдалтай байгаа цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Бид энэ асуудлыг хөндөж сүүлийн гурван сар идэвхтэй ажиллалаа. Бид нйслэлийн бүх дүүрэгт судалгаа хийж үзсэн. Тэгэхэд 30 гаруй хороо цэцэрлэггүй байдаг юм байна. Тэдгээрийн нэг нь бидний цэцэрлэгтэй болгохыг зорьж байгаа Баянгол дүүргийн 21 дүгээр хороо юм. Иргэдээс яагаад Баянгол дүүрэгт цэцэрлэг барьж байгаа юм бэ гэх асуулт их ирж байна. Яагаад гэхээр ихэнх хороодод цэцэрлэг барих газар олддоггүй юм билээ. Улсын комисс хүлээж авах, стандартад нийцсэн цэцэрлэг барих тэр хэмжээний газар Улаанбаатар хотод одоохондоо хомс болсон байна. Цаашид холбогдох хүмүүс үүнд анхаарлаа хандуулах байх. Тиймээс хамгийн боломжтой байсан газар бол Баянгол дүүргийн энэ хороо байлаа. 21 дүгээр хорооны хувьд цэцэрлэгийн насны 600 хүүхэд байдаг. Үүний 300 нь ямар нэгэн байдлаар цэцэрлэгт хамрагддаг бол үлдсэн хүүхдүүд гэртээ өдрийг өнгөрөөдөг. Тэр 300 хүүхдийг дагаад ээж, аавууд нь ажилгүй байдаг зовлон их.

Манай цэцэрлэг ойролцоогоор 870 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Одоогоор хөрөнгө оруулалтын 73 гаруй хувь нь бий болчихсон. Энэхүү мөнгө монголчуудын хүүхдүүдээ гэсэн, гэрэлт ирээдүйгээ бодсон  сүүн цагаан сэтгэлийн дэмээр бүрэлдлээ гэж хэлж болно. Ахмадуудаас маань эхлээд идэр залуус, ажилчин ангийнхан маань бүгд сэтгэл гарган бидэнд тусалсан. Өнөөдөр л гэхэд Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн хамт олон нэг өдрийнхөө цалинг хандивлаж байна.

Ер нь “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны гол зорилго нь хэзээ нэгэн цагт, хэн нэгэн миний хүүхдийн гэртээ харих замыг гэрэлтүүлэх, аюулгүй байдлыг хангах цэцэрлэг барьж өгөхийг хүлээхгүй ээ. Тиймээс хүн бүр хоёр тоосгоны мөнгө гаргахад л хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлээд явж болно. Хамгийн гол нь хүүхдүүд биднийг хүлээхгүй. Маш хурдан өсч том болно. Тиймээс хөгжиж боловсрох тэр орчин нөхцөлийг нь ард нийтээрээ,  хамтаараа хийвэл яасан юм бэ гэдгийг олонд уриалж, биелүүлж явна. Үүнд салбар бүрээс тус дэм болж байна” гэж ярилаа.

Түүнчлэн энэхүү цэцэрлэгийн шав тавих ёслол хүүхдийн баярын өдөр зургаадугаар сарын 1-нд эхэлж, есдүгээр сарын 1-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Учир нь МҮОНРТ-ийн хамт олон энэ жилийн эх үрсийн баярыг цэцэрлэгтэй болохыг хүсч, мөрөөдөж суугаа бяцхан хүүхдүүдийн баяр байгаасай гэж хүссэн юм.  

Монгол Улсын 21 аймгаас илгээсэн сэтгэлийн үр бүр нийлж, ийнхүү Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байгаа бяцхан хүүхдүүдийн гэрэлт ирээдүйг гийгүүлэх эрдмийн их өргөө болон сүндэрлэх нь ээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн хамт олон “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ  
Үзсэн: 3287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй