
Өнөөдөр Олон улсын сураггүй алга болсон хүүхдүүдийн өдөр тохиож байна. Энэ өдрийг 1983 онд анх Америкийн Ерөнхийлөгч Рональд Рейган үндэснийхээ хэмжээнд сураггүй алга болсон хүүхдийн өдөр болгон тунхагласан бөгөөд дэлхий нийт энэхүү санаачилгыг 1998 оноос даган мөрдөж, сураггүй болсон хүүхдүүдийг эрэн хайх олон улсын төвийг нээжээ.
Америкт энэ өдрийг тэмдэглэх болсон шалтгаан 1979 оны тавдугаар сарын 25-ны өдөр сураггүй алга болсон 6 настай Эвиан Пейтс хэмээх хүүтэй холбоотой. Тэрээр сургуулиасаа гэр рүүгээ явах замдаа сураггүй болсон байна. Түүний талаарх сураг өнөөг хүртэл гараагүй юм. Ийнхүү бяцхан хүүгийн дурсгалыг хүндэтгэн түүнийг алга болсноос 4 жилийн дараа Америкт энэ өдрийг тунхаглажээ.
Өнөөдрийн байдлаар Сураггүй болсон хүүхдүүдийг эрэн хайх олон улсын төвд 22 орон нэгдэн орж, жил бүрийн энэ өдөр сураггүй болсон хүүхдүүдэд зориулж бөмбөлөг хөөргөдөг болсон байна. Тодруулбал, Албани, Аргентин, Австрали, Беларусь, Бельги, Бразил, Канад, Герман, Грек, Ирланд, Итали, Мексик, Голланд, Шинэ Зеланд, Польш, Румын, Орос, Серби, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Испани, Их Британи, АНУ зэрэг орон юм.
Түүнчлэн тус төвийн цахим хуудсанд мэдээлснээр дэлхий дахинд жил бүр 8 сая гаруй хүүхэд, өдөрт 22 мянган хүүхэд сураггүй алга болдог ажээ. Сураггүй болсон хүүхдүүдийн ерөнхий мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой юм.
Дэлхий дээр нэг өдөрт 22 мянган хүүхэд алга болдог | ||
Үзсэн: 2824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.