АНУ-ын Чикаго хотын амьтны хүрээлэнд мексикийн саарал чоно гэх ховордсон дэд зүйлийн чонын 1 сартай бэлтрэгүүд үүрнээсээ гарч, орчинтойгоо танилцаж эхэлжээ. Өнгөрсөн сарын 25-нд тус амьтны хүрээлэн 5 бэлтрэгтэй болсон нь Мексикийн саарал чонын дэд зүйлийн тоо толгойг сэргээх ажил амжилт олно гэх итгэл найдвар төрүүлжээ.
Эдгээрээс эр эм 2 бэлтрэгийг Аризона муж руу илгээн, мексикийн саарал чоныг сэргээн нутагшуулах хөтөлбөрт хамруулсан бол 3 бэлтрэг эдүгээ амьтны хүрээлэнд өсөж бойжиж байна. 4 долоо хоногтой болсон нэг эм, хоёр эр бэлтрэг үүрнээсээ гарч эхэлснээр олон нийт бэлтрэгнүүдийг ойроос харах боломж анх удаа нээгдэж байна.
Чикаго хотын Брүүкфилдийн амьтны хүрээлэнд дээрх бэлтрэгүүдээс гадна 6 мексикийн саарал чоно амьдарч байгаа юм. Амьтны хүрээлэн дэх энэхүү чонын сүрэг зэрлэг чонын сүрэгтэй адил зан араншинтай. Мөн нийгмийн өндөр ухамсартай, нарийн дэс дараа, бүтэцтэйгээр хоорондоо харилцдагийг судлаачид онцолдог. Иймээс мексикийн саарал чонын сүрэг доторх харилцаа хэрхэн өрнөдгийг Чикагогийн амьтны хүрээлэнгээс харах сайхан боломж байгааг судлаачид хэлж байна.
20 орчим жилийн өмнө Хойд Америкийн бүс нутагт анчид болон мал аж ахуй эрхлэгчдээс үүдэн мексикийн саарал чоно устаж үгүй болохын ирмэгт ирж байсан. Эдүгээ Хойд Америкийн хамгийн ховордсон чонын дэд зүйлд Мексикийн саарал чоно тооцогдох болжээ.
Саарал чонын тоо толгойг сэргээх ажил өрнөж байна | ||
Үзсэн: 5479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.