АНУ-ын Сансар судлалын агентлаг НАСА Олон улсын сансрын станцын залгаа Бигелоу өргөтгөлийн модулийг хийлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн байна. Сансарт аялагчдыг байрлуулах, Сар, Ангараг гараг руу судалгааны даалгаварт яваа сансрын нисгэгчдэд авсаархан сууц болгон ашиглах боломжтой гэдэг утгаараа Бигелоу өргөтгөл сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээнэ гэж шинжээчид итгэж байгаа юм.
Иймээс “Бигелоу” хийлдэг өргөтгөлийн модулийг анх удаа сансарт илгээж, туршиж байгаа явдал олон улсын эрдэмтдийн анхаарлын төвд байна. Өнгөрсөн пүрэв гарагт өргөтгөлийг хийлэх эхний оролдлого амжилтгүй болсон. Гэхдээ энэ бямба гарагт дахин нэг оролдлогоор өргөтгөлийг амжилттай хийлжээ. НАСА-гийн сансрын нисгэгч Жефри Уильямс хийн шахуургыг нээж, 7 цагийн турш өргөтгөлийг агаараар хийлсэн байна. Бигелоу өргөтгөл бүрэн хийлэгдсэний дараах байдлаар 3,9-ийг харьцах 3,2 метрийн жижиг унтлагын өрөөтэй дүйцэх хэмжээтэй.
Энэ өрөөний гадаргуу сансрын хаягдалд урагдахгүй, бат бөх эсэх, мөн агаар алдагдахгүй эсэхийг бүрэн тодорхойлохыг НАСА эхний ээлжинд зорьж байгаа юм. Бигелоу өргөтгөл туршилтын шатандаа яваа. Иймээс сансрын нисгэгчид эхний 7 хоногт аюулгүй байдлын үүднээс тус өргөтгөлд орохгүй, тусгаарлалттай хэвээр байлгах юм байна. НАСА өндөр технологийн сум нэвтэрдэггүй материалаар сансарт хийлдэг өрөө бүтээх ажлыг 17,8 сая доллараар санхүүжүүлсэн юм.
Хэрэв Бигелоу өргөтгөл найдвартай ажиллах нь батлагдвал сансарт илүү их хэмжээний бараа бүтээгдэхүүн хадгалах, олон тооны сансрын нисгэгч амьдрах боломж нээгдэнэ. Мөн сансрын жуулчлал ч хурдацтай хөгжих боломж бүрдэх юм.
Олон улсын сансрын станц дахь “Бигелоу” өргөтгөлийг амжилттай хийлээ | ||
Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.