Шууд Chart

ДЭМБ “Рио-2016”-г хойшлуулах, цуцлах шаардлагагүй гэв

2016-05-30 12:23:07

Өнгөрсөн баасан гарагт эрүүл мэндийн салбарын 150 мэргэжилтэн хамтран “Рио-2016” зуны олимпийн наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах хэрэгтэй гэх шаардлагыг ДЭМБ-д хүргүүлсэн. Тэгвэл

“Рио-2016”-г хойшлуулах, цуцлах шаардлагагүй гэж ДЭМБ мэдэгдлээ.

Тус байгууллагад нээлттэй захидал хүргүүлсэн мэргэжилтнүүд зика вирусын халдвар Бразил улс, тэр дундаа олон мянган тамирчин, жуулчдыг хүлээн авах Рио де Жанейро хотод зика вирусын халдвар буурах хандлагагүй байгааг харгалзан олимпийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин ДЭМБ энэ шаардлагын хариуд “Рио-2016”-г хойшлуулах, байршлыг нь өөрчлөх шаардлагагүй болохыг мэдэгдсэн байна. Тус байгууллага энэ мэдэгдлийг хийхдээ эрсдлийн нарийвчилсан үнэлгээ, эрүүл мэндийн салбарынхны цуглуулсан зика вирусын талаарх мэдээлэл дээр үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн гэдгээ мөн зарлалаа. АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв ч мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай санал нэг байгаа юм.

Олимпийн наадмаар олон зуун мянган хүн Рио де Жанейрод хүрэлцэн очвол зика вирусын халдварын тархалт хурдасч, микроцефали гэх эмгэгтэй, тархины гаж хөгжил бүхий нярай төрөх явдал улам нэмэгдэнэ гэж шаардлага хүргүүлсэн мэргэжилтнүүд үзэж байгаа. Харин АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв олимпийг цуцлах гэхээс илүүтэй зика вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга замыг ягштал хэрэгжүүлбэл халдварын тархалтаас сэргийлэх боломжтой гэж үзэж байна. Та бүхэнд сануулахад, зика вирус шумуулаар болон бэлгийн замаар дамжин халдварлах аюултай.

Мөн .

Халдварт өвчнөөс шалтгаалан Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сольж байсан удаагүй.

Гэхдээ 2003 онд ФИФА Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амьсгалын замын цочмог халдвар буюу САРС-ын тархалтаас сэрэмжлэн, Хятадад бус, АНУ-д зохион байгуулахаар шийдвэрлэж байсан удаа бий юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ДЭМБ “Рио-2016”-г хойшлуулах, цуцлах шаардлагагүй гэв  
Үзсэн: 1145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй