Сүүлийн өдрүүдэд Газар дундын тэнгист хууль бус цагаачдын хэд хэдэн завь хөмөрснөөс нийтдээ 700 гаруй хүн амь үрэгдсэн байж болзошгүй байна. Лхагва гарагт хөмөрсөн хийлдэг завинаас 100 гаруй хүн, мөн дараа өдөр нь 550 орчим хууль бус цагаач ор сураггүй болжээ. Баасан гарагт бас нэг завь осолдох үеэр 45 хүн амь үрэгдсэн болохыг албаныхан баталгаажуулсан байна.
Ингэснээр өнгөрсөн 7 хоногт амь үрэгдсэн хууль бус цагаачдын тоо бүр 900 давсан ч байж болзошгүйг Хил хязгааргүй эмч нар байгууллага мэдээллээ. Бямба гарагт Европын холбооны хөлөг онгоцууд Ливиэс явсан 600 орчим хууль бус цагаачийг Газар дундын тэнгисээс аварсан байна. Ингэснээр энэ 7 хоногт эвдэрч, хөмөрсөн завинаас аврагдсан нийт цагаач дүрвэгчийн тоо 13 мянгад хүрлээ. Зун цаг дөхөж, цаг агаар дулаарсантай холбоотойгоор Африкаас Европ тивд хүрэх гэсэн хууль бус цагаачдын тоо эрс нэмэгдэж байна.
Гэхдээ Европын холбоо, Туркийн байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Туркээс Эгийн тэнгисээр дамжин Европ тивд хүрэх дүрвэгчдийн зам хаагдаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Ливиэс Газар дундын тэнгисээр дамжин Италид хүрэх зам цагаач дүрвэгчдийн Европт хүрэх гол итгэл найдвар болж хувирчээ. Эдгээр хууль бус цагаачийн дийлэнх нь Африк, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь хямрал мөргөлдөөн, ядуурлаас дүрвэн дайжиж, Европын орнуудыг зорьж байгаа юм. Европын холбооны гишүүн орнуудын гэрээ ёсоор Итали, Грект очсон эдгээр цагаач дүрвэгчийг бусад гишүүн орнуудад тараан байршуулахаар тохиролцсон.
Харамсалтай нь Европын хэд хэдэн оронд цагаач дүрвэгчдийн эсрэг үзэл гаарч, дээрх хэлэлцээр бодит амьдрал дээр төдийлөн хэрэгжих боломжгүй байна. Энэ он гарснаас хойш Европ тивд нийтдээ 194 гаруй мянган цагаач дүрвэгч хүрч очоод байна. Мөн үеэр 1,380 хүн Газар дундын тэнгист амь үрэгдсэний 976 нь Итали улсыг зорьж явсан мэдээ байгаа юм.
Газар дундын тэнгисээс 13 мянган цагаач дүрвэгчийг аварчээ | ||
Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.