Сирийн яриа хэлэлцээний шинэ үе шат эхлэх тов тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн 7 хоногт энэ асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай хамтран 2 цаг гаруйн турш зөвлөлдсөн байна. Уулзалтын дараа Стаффан де Мистура сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Сирийн энхийн хэлэлцээний дараагийн үе шатыг боломжтой гэх хамгийн ойрын хугацаанд зохион байгуулахын төлөө ажиллаж байгаагаа хэллээ.
Гэхдээ яриа хэлэлцээ ойрын 2-3 долоо хоногт эхлэхгүй нь лавтай болохыг тэрээр мөн мэдэгдсэн байна. Сирид энх тайван тогтоох хэлэлцээнээс үр дүн гаргахын тулд нэн түрүүнд гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулж, бүслэлтэд орсон хот, тосгодод хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг урьдчилсан нөхцөлийг хангах шаардлагатай.
Мөн Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний босогчдын бүлгүүд аль аль нь оролцохоор зөвшөөрсөн байх ёстойг Стаффан де Мистура онцолж байгаа юм. ОХУ, АНУ-ын хамтран боловсруулсан Сирид гал зогсоох түр хэлэлцээр ойрын долоо хоногуудад удаа дараа зөрчигдөж байгаа.
Тухайлбал, сөргөлдөгч талуудын үйл ажиллагаанаас үүдэн бүслэлтэд орсон зарим бүс нутагт хүмүүнлэгийн тусламж хүргэх ажил зогссон талаар НҮБ мэдээлж байна.
Сирийн яриа хэлэлцээний дараагийн үе шат эхлэх тов тодорхойгүй | ||
Үзсэн: 1552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.