Өчигдөр Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель нар Дэлхийн 1-р дайны үед хамгийн удаан үргэлжилсэн Верде́ний тулааныг нэхэн дурслаа. Одоогоос 100 жилийн өмнө Францын зүүн хойд хэсэгт 10 сар өрнөсөн энэ байлдаанд хоёр талаас 300 гаруй мянган цэрэг амь үрэгдсэн түүхтэй. Франц улс байлдаанд ялалт байгуулсан ч Верде́ний тулалдаан нэг орны ялалт гэхээс илүү Франц-Германы эв найрамдлын бэлгэ тэмдэг болж үлджээ.
Оссюари Дуомон тосгонд Вердений тулалдаанд оролцсон хоёр орны 130 мянга гаруй дайчдын шарил булаатай бий. 1984 онд Францын тухайн үеийн Ерөнхийлөгч Франсуа Миттеран Германы канцлер Гельмут Коль нар эдгээр дайчдын шарилд хүндэтгэл үзүүлэх үеэр Францын Ерөнхийлөгч Германы канцлерын гарыг атгаж, олон жил дайсагнасан хоёр орны хооронд найрамдал, итгэлцэл бий болсныг харуулсан юм. Энэ онд ч мөн амь үрэгдсэн дайчдыг нэхэн дурсах ёслолын гол хэсэг Оссюари Дуомонд өрнөж, хоёр орны найрамдалт харилцааг бататгасан байна.
Ёслолын үеэр Олланд, Меркель нар цагаач дүрвэгчдийн хямралаас үүдэн талцан хуваагдаж, хэт барууны үзэлт намуудын нөлөө нэмэгдэж байгаа Европын орнуудад эв санаагаа нэгтгэн, Европын холбоог хамгаалж үлдэхийг уриаллаа. Вердений тулааны үеэр 1916 оны хоёрдугаар сараас 12-р сарын хооронд хоёр талаас 60 сая мина галласан бөгөөд эдгээрээс 4 мина тутмын нэг дэлбэрэлгүй, хөрсөнд булаатай үлдсэн гэх тооцоо бий.
Иймээс тус бүс нутагт орон байр барих, тариалан эрхлэх эдүгээг хүртэл хориотой хэвээр байна. Герман, Францын эрх баригчид энэ оны түүхэн ойгоор бага залуу үеийнхэндээ Верде́ний тулалдааны талаар мэдлэг ойлголт өгөх, дайны хор уршгийг таниулахад гол ач холбогдол өгсөн байна. Энэ хүрээнд Герман, Францын 4 мянган сурагч Верде́ний тулалдаанд амь үрэгдсэн дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцлоо.
Франц, Германы удирдагчид 100 жилийн өмнө өрнөсөн Вердений тулалдааныг нэхэн дурслаа | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.