Шууд Chart

Люфтганза ирэх сарын 18-наас Венесуэл улсын чиглэлд нислэг үйлдэхгүй

2016-05-30 16:07:23

Германы иргэний агаарын тээврийн Люфтганза компани ирэх сарын 18-наас эхлэн Венесуэл улсын чиглэлд нислэг үйлдэхгүй гэдгээ зарлалаа. Энэ шийдвэрээ тус компани Венесуэлд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж байна. Мөн Венесуэл дэх мөнгөн тэмдэгтийн ханшийн хяналт нь Люфтганза компани орлогоо доллар болгон, гадаад оронд илгээх боломжийг хаажээ.

Венесуэлийн төсвийн орлогын гол хэсгийг бүрдүүлдэг газрын тосны үнийн уналтаас үүдэн тус улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Мөн Венесуэлийн үндэсний мөнгөн тэмдэгт боливарын ханш огцом унаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байгаа юм. Иймээс Германы Люфтганза компани Каракас-Франкфурт чиглэлийн нислэгээ ирэх сараас тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ.

Тус компанийн зүгээс Венесуэл рүү хийх нислэгийн эрэлт өнгөрсөн он болон энэ оны эхний улирал дараалан буурсан талаар мөн мэдээлж байна. 2003 онд Венесуэлийн тухайн үеийн ерөнхийлөгч Уго Чавес мөнгөн тэмдэгтийн хатуу хяналтыг нэвтрүүлсэн байдаг. Харин энэ хяналтын тогтолцоог 2 жилийн өмнө улам чангатгаснаас олон улсын хэд хэдэн нисэх компани боливараар хадгалж байсан олон тэрбум долларын ашиг орлогоо эргүүлэн татахад хүндрэл учирч, улмаар Венесуэл дэх үйл ажиллагаагаа хязгаарлахаас аргагүйд хүрчээ. Одоо иргэний агаарын тээврийн зарим компани Венесуэлийн иргэдээс төлбөрөө доллараар хийхийг шаардах болсон байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Люфтганза ирэх сарын 18-наас Венесуэл улсын чиглэлд нислэг үйлдэхгүй   
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй