Шууд Chart

Балбын иргэд Эверестийн өдрөө тэмдэглэв

2016-05-30 16:22:25

Өчигдөр Балба улсын ард иргэд Эверестийн өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ тэмдэглэлт өдрөөр Балбын ард иргэд 2 жилийн өмнө болсон цасан нурангины дараа дахин Эверестийн оргил өөд хүрэх замыг ухан засаж, уулчдад зориулсан олсыг уулын замд бэхэлсэн 9 хөтчийн гавьяаг үнэлэн, хүндэтгэл үзүүлсэн байна.

Катманду хотод болсон Эверестийн өдөрт зориулсан ёслолын үеэр Балбын ерөнхий сайд эдгээр хөтчид 460 америк долларын шагнал гардууллаа. 2014 онд Эверестэд цасан нуранги үүсч, 17 хүн харамсалтайгаар амиа алдсанаас хойш 2 жилийн дараа буюу энэ сараас л эхлэн Эверестийн ноён оргилыг зорих боломж уулчдад дахин нээгдээд байгаа. Энэ нь оргилд хүрэх олсыг сайтар бэхэлж, замыг аюул эрсдэл багатай болгон зассан хөтөч нарын ач гэдгийг Балбын ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ.

1953 оны 5-р сарын 29-нд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари хөтөч Дэнзэн Норгайн хамт Эверестийн оргилд анх гарч, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Үүнээс хойш олон мянган уулчин Эверестийн оргилд амжилттай хүрч, харин 280 гаруй хүн харамсалтайгаар уулын хүнд бэрх замд амь үрэгджээ. Эверестийн оргилд Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нарын гарсан өдрийн ойг Балба улс Эверестийн өдөр болгон тэмдэглэх болсон юм.

Энэ оны Эверестийн өдрөөр шагнуулсан 9 хөтөч 2014 оны цасан нурангиас хойш Эверестийн оргилд анх гарсан хүмүүс юм байна. Тэдний араас бэхэлсэн олс, зассан замаар нь олон орны 400 гаруй уулчин Эверестийн оргилд гараад байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Балбын иргэд Эверестийн өдрөө тэмдэглэв   
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй