Иракийн Засгийн газрын цэргүүд АНУ-ын дэмжлэгтэйгээр Багдад хотоос 69 км зайд орших Фаллужа хотыг "Исламын улс" алан хядагч бүлэглэлээс чөлөөлөхөөр давшиж байна. Өчигдөр Иракийн арми хотын өмнөд захаас давшилтаа эхэлж, үд дунд гэхэд тус бүсэд оршдог цагдаагийн хэлтсийг хяналтандаа оруулжээ. Үүний дараа цэргүүд хойд зүгт дахин 1.6 километр орчим давшиж, Аль Шухада дүүргийн хилд 500 метр дөхөж очсон байна. Фаллужа хот нь Иракийн нийслэл Багдад хоттой хамгийн ойр оршдог "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн гол түшиц цэг юм.
Иймээс Иракийн Засгийн газар төдийгүй олон улсын зүгээс Фаллужа хотыг чөлөөлөх ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байна. Иракийн Засгийн газрын цэргүүд Фаллужа хот руу ийнхүү давшихтай зэрэгцэн Иракийн хойд хэсэгт Курдын аюулгүйн хүчнийхэн "Исламын улс" бүлэглэлийн эсрэг амжилттай давшиж байгаа мэдээ байна. Иракийн хойд бүс нутагт оршдог Мосул хот Ирак улс дахь "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байгаа хамгийн том хот юм.
Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр Курдын хүчин Мосул хотын гаднах хэд хэдэн тосгоныг хяналтандаа оруулжээ. "Исламын улс" бүлэглэлийн эсрэг давшилт ийнхүү хэд хэдэн цэгт амжилттай үргэлжлэх хооронд Багдад хотод алан хядагчид хэд хэдэн цуврал халдлага үйлдсэн байна.
Амиа золиослогч этгээдүүд авто машин болон мотоциклтой Багдад хотын гурван дүүрэгт бөмбөг дэлбэлснээс 20 гаруй хүн амь үрэгдлээ. Үүнээс гадна 50 гаруй хүн гэмтэж шархадсан талаар орон нутгийн цагдаа нар мэдээлж байна.
Иракийн Засгийн газрын цэргүүд Фаллужа хотын чиглэлд давшилтаа үргэлжлүүлж байна | ||
Үзсэн: 1073 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.