БНАСАУ дахин баллистик пуужин туршиж болзошгүй байгаатай холбогдуулан Япон улс өөрийгөө хамгаалах хүчнээ бэлэн байдалд оруулсан байна. БНСУ мөн Умардад пуужингийн туршилт явуулах бэлтгэл ажил эхэлснийг тогтоосон гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Өмнөд Солонгосын холбогдох албаныхан Умардаас пуужин харваж болзошгүй талаар тодорхой мэдээлэл өгөөгүй.
Харин "Рёнхап" мэдээллийн агентлаг Умардын турших пуужин нь дундын зайн тусгалтай Мусудан пуужин байж магадгүй гэж мэдээлж байна. Өнгөрсөн 1-р сард Умард Солонгос цөмийн туршилт явуулсны дараагаас Солонгосын хойг дахь хурцадмал байдал улам даамжирсан юм. Энэхүү цөмийн туршилтын дараа Умард хиймэл дагуул хөөргөхийн тулд баллистик пуужин харваснаас гадна удаа дараа пуужингийн туршилт хийсэн нь хөрш орнуудынх нь санааг зовоосон асуудал болоод байна.
Умард дахин пуужин туршиж магадгүй гэх мэдээлэлтэй холбогдуулан Япон байлдааны хөлөг онгоцууд, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “Патриот” төхөөрөмжийг бэлэн байдалд орууллаа. Эдгээрт Японыг чиглэн яваа ямар ч төрлийн пуужинг замд нь амдан устгах үүрэг өгсөн байна. Японы Батлан хамгаалах яамны ойр байрлуулсан “Патриот” төхөөрөмжийг пуужин харвахад бэлэн байдалд оруулсан байна.
Пентагоны зүгээс Солонгосын хойгийн нөхцөл байдлыг цаг тухайд нь тандан, Япон, Өмнөд Солонгос зэрэг холбоотнуудтайгаа ойр хамтран ажиллаж байгаа гэдгээ мэдэгдээд байна.
БНАСАУ дахин пуужингийн туршилт хийж магадгүй | ||
Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.