Шууд Chart

БНХАУ-д Диснейлендтэй өрсөлдөхүйц томоохон соёл амралтын хүрээлэн нээгдлээ

2016-05-31 12:50:17

Өнгөрсөн бямба гарагт манай урд хөрш БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт АНУ-ын Диснейлендтэй өрсөлдөхүйц томоохон соёл амралтын хүрээлэн нээгдсэн байна. Хятадын үл хөдлөх хөрөнгийн хамгийн том фирм болох Ванда группын “Ванда хот” нэртэй энэхүү соёл амралтын хүрээлэн тус улсын Жянши мужийн нийслэл Наньчан хотод 3 тэрбум америк доллараар байгуулагджээ. Ванда группын эзэн Ван Жяньлин өрнөдийн орнуудын импортоос татгалзаж, Хятадын соёл уламжлалд суурилсан дэлхийн брендийг бүтээхээр зорьж байгаа гэдгээ нээлтийн ёслолын үеэр мэдэгдсэн.

Энэ мэдэгдлийг ч баталж Хятадын шинэ соёл амралтын хүрээлэн шаазан аяганы эргүүлэг, хулсан ой зэрэг тус улсын соёл, уламжлалын онцлогийг харуулсан тоглоом наадгайг олноор багтаасан байгаа юм. Шинэ соёл амралтын хүрээлэнгийн цогцолбор 800 сая долларын тоглоомын талбай, ресторан, кино театр бүхий их дэлгүүр болон дэлхийн хамгийн томд тооцогдох далайн амьтдын хүрээлэнгээс бүрдэж байна.

Энэ цогцолбор Шанхайн 5.5 тэрбум америк долларын Диснейлендийг Хятадын зах зээлээс шахан гаргахаар зорьж байна гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Ирэх сард нээх Шанхайн Диснейленд дэлхийн 6 дахь төдийгүй, хамгийн том Диснейлендийн цогцолборт тооцогдож байгаа. Харин Диснейн соёл амралтын хүрээлэнгийн шинэхэн өрсөлдөгч Ванда групп 2020 он гэхэд өөрийн “Ванда хот”-ын салбаруудаа Хятадын 15 бүсэд шинээр байгуулахаар зорьж байна.

“Ванда хот” соёл амралтын хүрээлэнгийн тасалбар 198 юань буюу ойролцоогоор 30 америк доллараар худалдаалагдаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-д Диснейлендтэй өрсөлдөхүйц томоохон соёл амралтын хүрээлэн нээгдлээ  
Үзсэн: 1289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй