Герман улсад хүүхдийн баярыг тэмдэглэх болсон түүх тун сонирхолтой. Хүйтэн дайны үеэс олон оронд тэмдэглэгдэж эхэлсэн хүүхдийн баяр баруун, зүүн хоёр Германд өөр өөр өдөр тохиодог байжээ. Баруун Германд хүүхдийн баярыг “Даян дэлхийн хүүхдийн өдөр” нэрийн дор есдүгээр сарын 20-нд тэмдэглэдэг байсан бол Зүүн Германы хүүхдийн баяр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу зургаадугаар сарын 1-нд болдог байсан юм.
Зүүн Германы иргэд сургууль, олон нийтийн үзвэр үйлчилгээний газруудад хүүхдэд зориулсан тусгай үйл ажиллагаа зохион байгуулж, багачуудад бэлэг өгөх зэргээр хүүхдийн баярыг тэмдэглэдэг уламжлал байжээ. Харин Баруун Герман “Даян дэлхийн хүүхдийн өдөр”-ийг баяр гэхээсээ илүү хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулах улс төрийн утга агуулгатай өдөр гэж үздэг байсан юм. Харин 1990 онд хоёр Герман эргэн нэгдсэний дараа есдүгээр сарын 20 буюу Даян дэлхийн хүүхдийн өдөр тус улсын хүүхдийн баярын цор ганц тэмдэглэлт өдөр болж үлдсэн байна.
Гэхдээ Зүүн Германы харьяанд байсан цөөнгүй иргэд өнөөг хүртэл зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдээ баярлуулж, бэлэг сэлт өгөх уламжлалаа хадгалсан хэвээр байгаа юм. Хүүхдийн баяртай холбогдсон бас нэг сонирхолтой баримтыг дуулгахад Энэтхэг улсад энэ баярыг 11 дүгээр сарын 14 буюу тус улсын анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн төрсөн өдрөөр тэмдэглэдэг.
Неру хүүхдэд их хайртай хүн байснаас гадна залуучуудыг хөгжүүлж боловсруулахын тулд Бүх Энэтхэгийн Анагаах Ухааны Хүрээлэн, Энэтхэгийн Технологийн хүрээлэн зэрэг боловсролын чухал институтуудыг байгуулсан байдаг. Иймээс түүний дурсгалд Энэтхэгчүүд хүүхдийн баяраа зориулсан байна. Харин Япон, Өмнөд Солонгос зэрэг улс тавдугаар сарын 5-нд, АНУ-д жил бүрийн зургаадугаар сарын 2 дахь долоо хоногийн ням гарагт хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Хүүхдийн баярыг Герман улсад... | ||
Үзсэн: 1620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.