Шууд Chart

Агаарын цохилтод өртсөний улмаас 23 хүн амь үрэгджээ

2016-06-01 13:19:05

Сирийн баруун хойд хэсэгт орших Идлиб хот өнгөрсөн шөнө агаарын цохилтод өртжээ. Үүний улмаас наад зах нь 23 хүн, тэдгээрийн дунд 7 хүүхэд амь үрэгдэж, олон арван хүн гэмтэж шархадсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгаа учраас амь үрэгдэгсдийн тоо цаашид өсөж болзошгүй талаар Их Британид төвтэй Сири дэх хүний эрхийн ажиглагч байгууллага мэдээллээ.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ОХУ, АНУ-ын санаачилсан Сирид гал зогсоох түр хэлэлцээрийн дагуу Сирийн засгийн газар, сөрөг хүчний босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн харьцангуй намжсан. Хэдийгээр сүүлийн 7 хоногуудад хэд хэдэн бүсэд гал зогсоох хэлэлцээр зөрчигдөж байгаа ч энэ удаагийнх шиг олон тооны хүн нэг дор амь үрэгдсэн удаагүй гэдгийг Ройтерс онцолж байна. Сири дэх хүний эрхийн ажиглагч байгууллага дээрх бөмбөгдөлтийг Сирийн засгийн газрын ойрын холбоотон ОХУ-ын байлдааны онгоцууд гүйцэтгэсэн гэх мэдээллийг мөн өгсөн байна.

Оросын онгоцууд Идлиб хотын хэд хэдэн байршил, тэр дундаа эмнэлэгтэй ойр цэгт агаараас цохилт хийсэн гэдгийг тус байгууллага мөн онцолжээ. Гэхдээ Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийг эрс няцааж, Оросын нисэх онгоцууд Идлиб хотод байлдааны даалгавар гүйцэтгээгүй гэж мэдэгдэж байна. АНУ-ын Төрийн департамент ч мөн Их Британийн ажиглагч байгууллагын мэдээллийг шууд дэмжсэнгүй, тус улс энэ тухай хангалттай мэдээлэлгүй байгаа гэж мэдэгдлээ. АНУ Идлиб хотод олон энгийн иргэний аминд хүрсэн бөмбөгдөлтийн буруутныг тогтоохын тулд Орос улстай ойр хамтран ажиллах болно гэдгийг Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хэлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Агаарын цохилтод өртсөний улмаас 23 хүн амь үрэгджээ  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй