Шууд Chart

Сүйрсэн А320 нисэх онгоцны хар хайрцагнаас илгээж байгаа дохиог илрүүлжээ

2016-06-02 12:24:41

Францын эрлийн хөлөг онгоц Газар дундын тэнгист сүйрсэн А320 нисэх онгоцны хар хайрцагнаас илгээж байгаа дохиог илрүүлжээ. Өнгөрсөн сарын 19-нд Францын нийслэл Парис хотоос Египетийн нийслэл Каир хотын чиглэлд нислэг үйлдэж байсан Эйрбус А320 онгоц тодорхойгүй шалтгааны улмаас радараас гарч, сүйрсэн юм.

Тус нисэх онгоцны хар хайрцгууд ослоос хойш 30 хоногийн турш дохио илгээх хүчин чадал бүхий батерейгаар тоноглогдсон байдаг. Энэ хугацаанд багтан хар хайрцгуудыг илрүүлэхэд эрлийн багийнханд ердөө 3 долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тэгвэл яг энэ үеэр Францын тэнгисийн хүчний “Лаплас” хөлөг онгоц эрлийн бүс дэх далайн ёроолоос дохио ирж байгааг илрүүлсэн байна. Энэ дохиог А320 онгоцны хар хайрцагнаас илгээж байж болзошгүй гэж Египетийн холбогдох албаныхан мэдээлж байна. Францын зүгээс дээрх мэдээллийг мөн баталгаажуулжээ.

Ингэснээр 66 хүн тээвэрлэж явсан А320 нисэх онгоцны хар хайрцгийг илрүүлэх ажилд томоохон дэвшил гарч байна. Шинжээч мэргэжилтнүүд нисэх онгоц яагаад сүйрсэн талаар олон таамаг дэвшүүлж байгаа ч, эдгээр таамгийг баталгаажуулах хөдөлгөөнгүй баримт нотолгоо өнөөг хүртэл илрээгүй. Иймээс хар хайрцгийг илрүүлэх нь онгоцны сүйрлийн шалтгааныг баттай тогтоох цор ганц арга гэдэг дээр мэргэжилтнүүд санал нэгдээд байгаа юм.

Иймээс хар хайрцагнуудыг илрүүлэх эрлийн ажиллагааг улам эрчимжүүлж, Мавританд төвтэй компанийн эрлийн хөлөг онгоцыг тус ажиллагаанд оролцуулахаар болсон байна. Энэ хөлөг онгоц 7 хоногийн дотор багтан Газар дундын тэнгист хүрэлцэн очиж, эрлийн ажиллагаанд оролцож эхэлнэ гэдгийг Египетийн холбогдох албаныхан мэдээллээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сүйрсэн А320 нисэх онгоцны хар хайрцагнаас илгээж байгаа дохиог илрүүлжээ   
Үзсэн: 1387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй