Сомали улсын нийслэл Могадишо хотод байрладаг зочид буудалд Аль-Шабаб бүлэглэлийн хэт даврагч этгээдүүд халдлага үйлдсэн байна. Үүний улмаас наад зах нь 15 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан талаар тус улсын цагдаагийн газар мэдээллээ. Халдлагад өртсөн “Хотель Амбассадор” гэх зочид буудал Могадишо хотын төв хэсэгт байрладаг бөгөөд Сомалийн хууль тогтоогчид өргөнөөр үйлчлүүлдэг гэдгээрээ зартай байжээ.
Тус зочид буудалд амьдардаг байсан Сомалийн парламентийн 2 гишүүн сая болсон халдлагын үеэр амь үрэгдсэн байна. Цагдаа нарын явуулсан тусгай ажиллагааны дүнд зочид буудалд байсан бусад хүн, тэдгээрийн дунд хэд хэдэн хууль тогтоогч эсэн мэнд аврагджээ. Аль-Каидагийн салбар Аль-Шабаб бүлэглэл энэхүү халдлагын хариуцлагыг өөртөө хүлээж, 2 хууль тогтоогчоос гадна 20 хүний аминд хүрсэн гэх мэдэгдлийг гаргаад байна.
Тус бүлэглэл засгийн газраа буруу номтон гэж мэдэгдээд, “парламентын гишүүдийг хөнөөхийн тулд Хотель Амбассадор” зочид буудалд халдлага үйлдсэн хэмээн тайлбарлажээ. 2011 онд Африкийн холбооны энхийг сахиулагч хүчний цэргүүдэд Аль-Шабаб бүлэглэлийг Сомалийн нийслэлээс шахан гаргасан юм. Гэсэн хэдий ч тус бүлэглэл Сомалид халдлага дайралт удаа дараа зохион байгуулж, Өрнөдийн орнуудын дэмжлэгийг хүртсэн Сомалийн засгийн газрыг түлхэн унагахаар оролдсон хэвээр байна.
Түүнчлэн тус бүлэглэл Африкийн холбооны энхийг сахиулах хүчинд цэргээ илгээсэн Кени, Уганда зэрэг улсад хэд хэдэн удаа алан хядах ажиллагаа зохион байгуулж байсныг олон улсын шинжээчид онцолж байгаа юм.
Сомалид үйлдсэн халдлагад наад зах нь 15 хүн амь үрэгджээ | ||
Үзсэн: 1425 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.