Шууд Chart

БНХАУ-ын дарга БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2016-06-02 12:39:21

БНХАУ-ын дарга Си Зиньпин БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны дэд дарга Ри Су Ёныг хүлээн авч уулзлаа. Энэ үйл явдлыг өрнөдийн хэвлэлүүд Хятад, Умард Солонгосын харилцаа ялигүй дулаарч байгааг харууллаа хэмээн дүгнэж байна. Өнгөрсөн мягмар гарагт Умард Солонгос дундын зайн тусгалтай баллистик пуужингийн туршилт явуулсан юм. Үүнээс нэг хоногийн дараа буюу өчигдөр Си Зиньпин Ри Су Ёныг хүлээн авч уулзжээ.

Умард Солонгосын гадаад хэргийн сайд асан Ри Су Ён саяхан Хөдөлмөрийн намын намын төв хорооны дэд даргаар тушаал дэвшиж, мөн тус намын олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн даргаар томилогдсон. Тэрээр Хятадын даргатай уулзах үеэрээ өнгөрсөн сарын эхээр зохион байгуулагдсан Хөдөлмөрийн намын 7-р их хурлын тухай мэдээлж, Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны дамжуулсан үгийг уламжилсан байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр Умардын удирдагч Солонгосын хойг, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд Хятадтай уламжлалт худалдааны харилцаагаа бэхжүүлж, хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гарна гэдгээ илэрхийлжээ.

Хятадын дарга Си Зиньпин ч мөн хоёр орны нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдгөө мэдэгдсэн байна. Мөн сүүлийн үед улам бүр хурцдаж байгаа Солонгосын хойг дахь нөхцөл байдлын тухайд Хятад улсын байр суурь өөрчлөгдөөгүй болохыг Си Зиньпин онцолжээ.

Тэрээр хурцадмал байдлыг дэвэргэхгүйн тулд бүс нутгийн улс орон бүр тайван байж, харилцан буулт хийх, мөн харилцаа холбооны шугамаа өргөжүүлэх хэрэгтэй гэдгийг мэдэгдсэн байна. Хятадын дарга Умард Солонгосын дээгүүр албаны төлөөлөлтэй 2013 оны тавдугаар сараас хойш анх удаа уулзаж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-ын дарга БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй