Өнгөрсөн 2015 оны санхүүгийн жилд Энэтхэг улсын эдийн засаг 7,6 хувиар өсчээ. Ингэснээр тус улс дэлхийд хамгийн хурдацтай өсөж байгаа эдийн засгаар тодорч байна. Өнгөрсөн онд Энэтхэгийн эдийн засгийн өсөлт эрчимжихэд газрын тосны үнийн уналт таатай нөлөө үзүүлснийг шинжээчид онцолж байгаа юм. Энэтхэг улс газрын тосны нийт хэрэгцээнийхээ гуравны хоёрыг гадны орнуудаас импортлодог.
2015 онд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 11 сарын хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд хүрэхэд, Энэтхэг газрын тосны импортоосоо 29,6 тэрбум америк доллар хэмнэж чаджээ. Үүнээс гадна тус улсын төв банк бодлогын хүүгээ бууруулснаар хэрэглэгчдийн зарлага өсч, үйлдвэрлэлд сайнаар нөлөөлсөн байна. Гэхдээ сүүлийн саруудад нүүрлэсэн ган гачгийн улмаас Энэтхэгийн газар тариалангийн салбар хүндхэн байдалд ороод байгаа.
Хэрэв борооны улирлаар ган гачиг тайлагдвал тус улсын эдийн засгийн өсөлт эрчээ алдахгүй байхад томоохон түлхэц болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Үүнээс гадна Энэтхэгийн эрх баригчид эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд хийх ажил их байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэгийн экспортын бараа бүтээгдэхүүний нийт дүн 17 дахь сардаа дараалан унасан.
Экспортын хэмжээ энэ маягаар буурсаар байвал тус улсын үйлдвэрлэлийн салбарт дарамт болох юм. Түүнчлэн хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ ч сайнгүй байна. Үүний улмаас Энэтхэгийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаасаа бараг 30 орчим хувиар доогуур бүтээмжтэй ажиллаж байгаа юм байна.
Энэтхэг улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байна | ||
Үзсэн: 2385 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.