Зүүн Өмнөд Азийн цэцгийн хамгийн том үзэсгэлэн яармаг Малайз улсад жил бүр зохион байгуулагддаг улажлалтай. Жил ирэх бүр цар хүрээ нь өргөжиж, өнгө зүс нэмж байгаа тус үзэсгэлэнг энэ онд нийтдээ 1 сая орчим хүн үзэж сонирхох тооцоо гарчээ. Малайзын засаг захиргааны төв Путражая хотод цэцгийн үзэсгэлэн 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа нь энэ юм.
Путражая хотыг “Цэцэгсийн хот” хэмээн нэрлэх нь бий. Энэ оны үзэсгэлэнд дээрх нэрийг бататган харуулах 83 төрлийн цэцэрлэгийг олон нийт үзэж сонирхох боломжтой байна. Эдгээр цэцэрлэгийг Путражая мөрний эрэг дагуу 11.7 га газарт байгуулжээ. Мөн нийтдээ 11 улс орны төлөөлөл энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа гэдгээрээ онцлог юм байна.
Жил бүрийн үзэсгэлэнд нэг цэцгийг онцолж, олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Үзэсгэлэн хамгийн анх зохион байгуулагдсан 2008 онд Малайзын үндэсний цэцэг гэгддэг хятад сарнайг онцолж байсан бол энэ оны үзэсгэлэнгийн төвд удвал цэцэг байгаа юм байна. Путражаягийн үзэсгэлэнг зохион байгуулагчид саяхан Мельбурнын цэцгийн үзэсгэлэн шоунаас “Шилдэг бүтээлч сэтгэлгээ” шагналын эзэн болжээ.
Энэ ч утгаараа үзэсгэлэнд өнгө алагласан цэцгүүдээс гадна тайз, үзэсгэлэнгийн талбайг зохион байгуулсан дизайны шинэлэг шийдэл, алиалагчдын үзүүлбэрүүд, бүжиг, цэнгээнт арга хэмжээ зэрэг олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн Малайзын цэцгийн үзэсгэлэн энэ сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.
Энэ үеэр Малайзын дунд сургуулиудын улирлын амралт эхэлсэн учраас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт үзэсгэлэнд зочлох боломжтой байна. Үүнээс гадна Тайланд, Сингапураас Малайзын үзэсгэлэнг очиж сонирхох жуулчид олширсныг зохион байгуулагчид нь мэдээлж байна.
Цэцгийн хамгийн том үзэсгэлэн нээгджээ | ||
Үзсэн: 1474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.