Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод гурван хэмжээст хэвлэгчийн технологийг ашиглан байгуулсан барилга ашиглалтад орлоо. Дэлхийд анхдагчид тооцогдож байгаа энэ барилгыг Хятад улсад давхарга, давхаргаар нь 17 өдрийн турш хэвлэсэн байна. Дубайн Ирээдүйн сан 3 хэмжээст хэвлэгчээр барилга байгуулах энэхүү содон төслийг санхүүжүүлсэн бөгөөд нийтдээ 140 мянган америк долларыг барилгын ажилд зарцуулжээ.
Яагаад 3 хэмжээст хэвлэгчийн технологийг сонгов гэдэг асуултад зардал, цаг хугацаа хэмнэхээс гадна өндөр бүтээмжтэй учраас гэж төслийн баг хариулж байна. 3 хэмжээст хэвлэгчийн технологи барилгын салбарт хувьсгал хийж, барилга гэлтгүй бүтэн хот тосгоныг энэ технологид суурилан бүтээх цаг үе ойртож байгааг шинжээчид мөн хэллээ. 3 хэмжээст хэвлэгчийн технологиор барилга байгуулахдаа мэргэжилтнүүд нэн түрүүнд барилгын нарийвчилсан загварыг компьютер дээр бүтээсэн байна.
Үүний дараа метал, хуванцар, цемент зэрэг материал ашиглан загварыг давхарга давхаргаар нь хэвлэжээ. Хятадын ВинСун Глобал компани барилгыг хэвлэх ажилд 6 метр өндөртэй цемент цутгагч ашигласан байна. Үүний дараа барилгын нэгж хэсгүүдийг Арабын Нэгдсэн Эмират руу далайгаар тээвэрлэн хүргэжээ. Ажилчид барилгын нэгжүүдийг эвлүүлэхэд ердөө 2 өдөр зарцуулсан байна. Үүний дараа 3 сарын хугацаанд барилгын дотоод засал чимэглэлийг хийснээр 3 хэмжээст хэвлэгчээр бүтээсэн анхны барилга ашиглалтад ороход бэлэн болсон байна.
Авсаархан загвартай энэ барилгыг 12-20 ажилтантай албан байгууллагын хэрэгцээнд ашиглах юм. Дубай хот 3 хэмжээст хэвлэгчээр барилга барих стандартын тусгай журам батлахаар төлөвлөж байна. Улмаар 2030 он гэхэд тус хотод 4 шинэ барилга тутмын нэгийг 3 хэмжээст хэвлэгч ашиглан барих зорилт тавьжээ.
Гурван хэмжээст хэвлэгчээр бүтээсэн барилга ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 2009 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.