Шууд Chart

Турк улс Германаас элчин сайдаа эргүүлэн татлаа

2016-06-03 11:49:10

Германы хууль тогтоогчид 1915 онд Османы эзэнт гүрний цэргүүд олон мянган армен иргэний аминд хүрсэн явдал геноцид байсныг хүлээн зөвшөөрчээ. Тус улсын парламент өчигдөр энэ асуудлыг хэлэлцэж, Османы туркуудын харгислалыг геноцид мөн гэж тодорхойлсон тогтоол үнэмлэхүй олонхын саналаар батлагдсан байна. Энэ тогтоолын эсрэг ердөө 1 гишүүн санал өгсөн бөгөөд 1 гишүүн түдгэлзэж, үлдсэн бүх гишүүн санал нэгтэйгээр дэмжсэн байна. Дэлхийн Нэгдүгээр дайны үеэр Османы турк цэргүүд 600 мянгаас 1,5 сая хүртэлх тооны армен иргэнийг хүйс тэмтэрсэн гэх тооцоо байдаг.

Османы эзэнт гүрний суурин дээр байгуулагдсан Турк улс дээрх явдлыг арменчуудыг хомроголон устгах зорилгогүй байсан учраас геноцид гэж тодорхойлох ёсгүй гэж үзсээр өнөөг хүрсэн юм. Мөн нэгдүгээр дайны үед арменчууд Османы эзэнт гүрэнд аюул занал учруулж байсан, дайнаар зөвхөн армен төдийгүй турк болон бусад үндэстний олон мянган иргэн амь үрэгдсэн гэх тайлбарыг Туркийн эрх баригчид хийдэг. Харин Армен улс өнгөрсөн зууны харгислалыг геноцид гэж тодорхойлоогүй тохиолдолд улс үндэстнийх нь тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрөөгүйгээс өөрцгүй гэж үзэж иржээ.

Германы парламент өчигдөр энэ хөндүүр сэдвээр хэлэлцээ өрнүүлж, Османы туркууд геноцид үйлдсэн гэж хүлээн зөвшөөрсөн нь Турк, Германы харилцаанд ноцтой сэв суулгах үйл явдал боллоо. Турк улс дээрх явдлыг эрс эсэргүүцэж, тогтоол батлагдсан даруйд Германд суугаа элчин сайдаа эргүүлэн татаад байна. Мөн Герман улс батлуулахад нь голлох үүрэгтэй оролцсон Европын холбоо, Туркийн цагаач дүрвэгчдийн асуудлаарх гэрээ бүтэлгүйтэх вий гэсэн болгоомжлол олон улсад үүсч эхэллээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Турк улс Германаас элчин сайдаа эргүүлэн татлаа   
Үзсэн: 1439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй