Дэлхийн хамгийн алдартай музейд зүй ёсоор тооцогддог Парис хотын Луврын музейг үерийн гамшгийн улмаас түр хаахаар болжээ. Герман, Францын хэд хэдэн бүс нутгаар олон хоног үргэлжлэн орсон аадар борооноос үүдэн Луврын музейн ойролцоо оршдог Сена мөрөн үерлээд байна. Иймээс Луврын музейг өнөөдөр хааж, үерт өртөж болзошгүй урлагийн бүтээлүүдийг музейн дээгүүр давхруудад нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Мөн Францын Орсе музей өчигдрөө үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм. Парис хотын төвөөр урсдаг Сена мөрний усны түвшин сүүлийн өдрүүдэд 5 метрээр нэмэгдээд байна. Ирэх амралтын өдрүүдээр аадар бороо Францаас Украин хүртэлх өргөн уудам бүс нутгаар үргэлжлэн орох урьдчилсан мэдээ гарчээ. Үүнтэй холбогдуулан зарим хэсэгт эргээсээ халин үерлэсэн Сена мөрний дагуу онц байдлын хаалтууд босгож байна. Францын төрийн мэдлийн төмөр замын компани Сена мөрний эрэгтэй ойролцоох галт тэрэгний шугамаа өчигдөр орон нутгийн цагаар 16 цагаас эхлэн хаажээ.
Одоогоор үерийн гамшгаас үүдэлтэй Европын орнуудад 10 гаруй хүн амиа алдаад байна. Эдгээрийн 9 нь Герман улсын иргэд байсныг хэвлэлүүд онцолж байгаа юм. Парис хотын 25 мянган оршин суугчийн гэрт эрчим хүч тасарсан байна. Мөн Парисын ойролцоо оршдог Немур хотод 3 мянган хүнийг үерт автсан бүс нутгаас нүүлгэн шилжүүлжээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд үерт нэрвэгдсэн бүс нутгуудад онц байдал зарлаж, гамшгийн хор хохирлыг арилгахад тусламж үзүүлэхээ амлаад байна.
Немур хотын Луэн мөрний усны түвшин 1910 оны их үерээс хойш бүртгэгдээгүй хэмжээгээр нэмэгдсэн. Хотын төв хэсэг бүхэлдээ усанд автаж, дэлгүүр хоршоод сүйдсэн талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Үерийн гамшигтай холбогдуулан Луврын музейг түр хаана | ||
Үзсэн: 2750 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.