Япон улсын парламентын дээд танхимын сонгууль ирэх сарын 10-нд зохион байгуулагдах албан ёсны тов гарлаа. Өчигдөр тус улсын засгийн газрын баталсан шийдвэрээр сонгуулийн аяныг энэ сарын 22-ноос эхлүүлж, тогтсон заншлаас 1 өдрөөр илүү буюу 18 өдрийн хугацаатай зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны сүүлээр Окинава мужид өрнөсөн ширүүн тулаан эцэс болсны ой зургаадугаар сарын 23-ны өдөр тохиох юм.
Иймээс сонгуулийн аяныг түүхэн чухал ач холбогдол бүхий тус ойн өдрөөр бус, нэг хоногийн өмнө нээх нь зүйтэй гэж Японы эрх баригчид үзжээ. Парламентын дээд танхимын энэ удаагийн сонгуульд Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн Абэномикс гэж олонд танигдсан эдийн засгийн бодлого нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн анхаарал татсан гол сэдэвт тооцогдож байна. Шинзо Абэ эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд төсвийн зардлыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэх бодлого баримталж байгаа нь сөрөг хүчний намуудын зүгээс ширүүн шүүмжлэл хүлээж, улмаар саяхан Абэгийн засгийн газарт итгэл үзүүлэх тухай санал хураалт парламентын доод танхимд зохион байгуулагдсан юм.
Үүнээс гадна Япон улсад өөрийгөө төдийгүй холбоотныхоо аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор цэргийн ажиллагаа явуулах эрхийг нээсэн Үндэсний аюулгүй байдлын шинэ хууль хүчин төгөлдөр болсон. Японы засгийн газар энэ асуудлаар Үндсэн хуульдаа мөн нэмэлт өөрчлөлт хийхийг зорьж байгаа нь энэ удаагийн сонгуулиар мөн анхаарал татаж байна. Ирэх сарын сонгуульд парламентын дээд танхимын 121 хууль тогтоогчийг сонгоно. Эдгээр гишүүний 73-ыг мажоритар, 48-ыг хувь тэнцүүлэх буюу пропорциональ системээр тодруулах юм байна. Мөн энэ удаагийн сонгуулиар сонгуульд санал өгөх эрхтэй иргэдийн насны доод хязгаар 20 байсныг 18 болгон бууруулж байгаагаараа онцлог. Ингэснээр Япон улсын сонгуулийн насны иргэдийн тоо 2,4 саяар нэмэгдэж байгаа юм.
Японы парламентын дээд танхимын сонгууль ирэх сард болно | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.