Швейцари улсын нийгмийн халамжийн бодлогыг үндсээр нь өөрчилж болзошгүй байсан асуудлаар өчигдөр тус улсын ард иргэдийн дунд бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдлаа. Швейцарийн иргэн бүрийн суурь орлогыг баталгаажуулах, үүний тулд ажил эрхэлдэг эсэхээс нь үл хамааран насанд хүрсэн хүн бүрт 2,500 швейцари франк буюу 2,550 америк доллар, мөн хүүхэд бүрт 625 швейцари франк сар тутам олгох санаачлагыг анх жирийн иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн юм.
Улмаар энэ санаачлага 126 мянган хүний гарын үсэг цуглуулсан учраас бүх нийтийн санал асуулгаар хэлэлцэгдэхээр болжээ. Хэрэв энэ санаачлага батлагдвал өртөг өндөртэй Швейцари улсад амжиргааны баталгаат түвшнээс доогуур орлоготой иргэдийн амьдрал эрс дээшилнэ гэж төслийг санаачлагчид сурталчилж байсан.
Мөн олон ажлыг автоматжуулснаас ажлын байрны хомсдол үүсч, орлогын тэгш бус байдал нэмэгдэж байгааг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байсан юм. Түүнчлэн Швейцарид 5 буюу түүнээс дээш жил амьдарсан гадаадын иргэд энэ тэтгэмжид хамрагдах эрхтэй байхаар тус санаачлагад тусгажээ. Гэхдээ өчигдөр зохион байгуулагдсан бүх нийтийн санал асуулгаар Швейцарийн иргэдийн 77 орчим хувь нь тэтгэмжийн дээрх төлөвлөгөөг эсэргүүцэж, харин ердөө 23 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй байж магадгүй юм.
Нэн түрүүнд Швейцарийн эрх баригчид халамжийн дээрх төлөвлөгөөг анхнаасаа эсэргүүцсэн байр суурьтай байсан. Энэ тэтгэмжийг санхүүжүүлэхийн тулд Швейцарийн засгийн газарт жил бүр 25 тэрбум швейцари франк шаардагдах юм. Үүнээс гадна иргэн бүрт энэ хэмжээний тэтгэмж олгоод эхэлбэл хөдөлмөрлөх хүсэлтэй хүмүүс цөөрч, нийгэмд тогтворгүй байдал үүснэ гэж зарим шинжээчид үзэж байсан. Иймээс Швейцарийн иргэд засгийн газрынхаа уриалгыг дагаж, шинэ төлөвлөгөөг олонх нь эсэргүүцсэн болов уу гэж ажиглагчид үзэж байна.
Швейцарийн иргэн бүрт 2550 ам.доллар олгох санаачлагыг бүх нийтийн санал асуулгад оролцогчид эсэргүүцжээ | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.