Францад олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлээд байсан. Харин тус улсын төв нутгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд бороо зогсож, Парис хотын Сена мөрний усны түвшин буурч эхэлсэн байна. Өнгсөрсөн 7 хоногт Сена мөрний түвшин сүүлийн 30 жил дэх дээд үзүүлэлтэд хүрч үерлэн, үүнтэй холбогдуулан Францын алдарт Луврын музейг түр хугацаагаар хаасан юм.
Мөн тус улсад нийтдээ 4 хүн үерийн улмаас амь үрэгдэж, наад зах нь 1 тэрбум еврогийн хор хохирол Францын эдийн засагт учирсан байна. Парис хотод удаан үргэлжилсэн бороо зогссонтой холбогдуулан гудамж талбайн усыг шахуургаар зайлуулах ажил эхлээд байна. Түүнчлэн үерийн усанд туугдан, хурдны замд гацсан 300 орчим автомашиныг замаас гарган, эздэд нь хүргэж байгаа юм байна.
Энэ хооронд шилэн дээвэрт Гран-Пале музей эргэн үйл ажиллагаагаа сэргээж, олон түмэнд үүдээ нээсэн байна. Гэхдээ Лувр болон бусад хэд хэдэн музей, мөн Сена мөрний эрэг дагуух галт тэрэгний шугам хаалттай хэвээр байгаа юм. Европ тивийн хэд хэдэн бүс нутгаар орсон ширүүн аадар борооноос үүдэлтэйгээр Франц, Герман, Румын, Бельгид наад зах нь 18 хүн амиа алдсан мэдээ байна.
Мөн өчигдөр Франц улсын зүүн хэсгээр аянга цахилгаантай бороо үргэлжлэн орсон. Одоогоор Францын 11 мянга гаруй айлын гэр эрчим хүчгүй хэвээр байна. Сена мөрний усны түвшин бууж эхэлсэн ч, хэвийн түвшинд хүрэхэд дахин 10 хоног шаардлагатай гэдгийг албаныхан анхааруулж байна.
Францын Сена мөрний усны түвшин буурч байна | ||
Үзсэн: 1482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.