Өчигдөр Перу улсад зохион байгуулагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарсан байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн консерватив үзэлт хоёр нэр дэвшигч зуузай холбон, ширүүн өрсөлдөж байгааг шинжээчид онцолж байна. Санал хураалтын эхний хоёр урьдчилсан дүнгээр Дэлхийн банкны эдийн засагч асан Педро Пабло Кучински тэргүүлж байсан бол гурав дахь урьдчилсан дүн байдлыг эргүүлж, Кейко Фужимори 3 хувийн саналаар илүүрхэж эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн мэдээ өнөөдөртөө багтан зарлагдах юм байна.
Гадаад улс оронд амьдарч байгаа Перугийн 885 мянган иргэний санал ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчийг тодруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. Кейко Фужимори нь Перу улсын ерөнхийлөгч асан, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгагдан, эдүгээ шоронд хорих ял эдэлж байгаа Альберто Фужиморигийн охин юм.
Тэрээр гэмт хэргийн эсрэг тэмцэх явдлыг мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүн зорилт болгож, ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтад нийт 10 нэр дэвшигчээс тэргүүн байранд тунасан. Түүнчлэн өчигдрийн санал хураалтаас өмнө ч Фужимори ялах магадлал илүү өндөртэйд тооцогдож байсан юм. Гэвч эдүгээ 77 настай Кучински хэт төвийг баримталсан байр сууриа орхиж, Фужиморигийн мөрийн хөтөлбөрийг нээлттэй шүүмжилснээр эцсийн мөчид байдлыг эргүүлж, өөртөө олон сонгогчийг татаж чадлаа гэж шинжээчид дүгнэж байна.
Уолл Стритийн санхүүч асан Кучински ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд олон улсын банк, санхүүгийн салбарт ажилласан туршлагаа ашиглаж, Перугийн эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхээр амласан. Энэ хоёр нэр дэвшигчийн төлөө Перугийн 23 сая орчим иргэн санал өгөх эрхтэй байгаа юм.
Перу улсын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч ширүүн өрсөлдөж байна | ||
Үзсэн: 1321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.