Энэ баасан гарагт Франц улсад Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Олон орны хөлбөмбөгчид, хөлбөмбөгийн хорхойтон хөгжөөн дэмжигчид хуран цугларах энэхүү тэмцээний бэлтгэл ажлын талаар Францын ерөнхийлөгч Франсуа Олланд орон нутгийн радиод ярилцлага өгчээ. “Евро-2016” хөлбөмбөгийн тэмцээний үеэр Францын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялт зохион байгуулах вий гэж олон улсын шинжээчид болгоомжилж байна.
Мөн цагаач дүрвэгчдийн хямралаас үүдсэн маргаан Европын холбооны нэгдмэл байдалд заналхийлж, улс орнуудад үндсэрхэг үзэлтнүүдийн нэр хүнд өсөх, хилийн хаалт хашилт босгох нь олширч, терроризмын аюул занал ч буураагүй хэвээр байна. Гэхдээ энэ бүхнийг үл харгалзан Франц улс “Евро-2016”-г амжилттай зохион байгуулна гэдэгт итгэл төгс байгаагаа Франсуа Олланд өчигдөр мэдэгджээ. Олон саад бэрхшээлийг даван туулсны эцэст зохион байгуулагдах гэж байгаа “Евро-2016” тэмцээн Европ тивийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болно гэдэгт Олланд эргэлзэхгүй байна.
Францын эрх баригчид Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчид, олон улсын жуулчдын аюулгүй байдлыг хангахын тулд 90 мянган цагдаа дайчилна. Мөн тус улсын галт тэрэг, нисэх онгоцны компаниудад “Евро-2016”-гийн үеэр ажил хаялт өрнөхөөс сэргийлэх яриа хэлэлцээг эрчимтэй Францын засгийн газар явуулж байгаа юм байна.
Ийнхүү тэмцээнийг аюулгүй, үзэгчид, хөлбөмбөгчдийн сэтгэлд хүрэхүйц байдлаар зохион байгуулахын тулд Францын эрх баригчид хичээнгүйлэн ажиллаж байна. Иймээс “Евро-2016” тэмцээнийг зорих гэж байгаа хүмүүс эдгээр асуудалд сэтгэлээ чилээх шаардлагагүй гэж Франсуа Олланд мэдэгдсэн байна.
“Евро-2016” тэмцээн амжилттай зохион байгуулагдана гэдэгт Франсуа Олланд итгэлтэй байна | ||
Үзсэн: 1347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.