Шууд Chart

Хятадын "Ванда хот" парк үйлчлүүлэгч олонтой байна

2016-06-06 14:53:14

 БНХАУ-ын Шанхай хотод дэлхийн хамгийн том соёл амралтын хүрээлэнгийн сүлжээ Диснейлендийн салбар нээгдэхэд ердөө 10 хоног үлдлээ. Шанхайн иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн тус паркийн нээлтийн ёслол энэ сарын 16-нд зохион байгуулагдаж, олон мянган зочид хүлээн авах тооцоо байна. Диснейн нээлтийн ёслолыг “Хүсэл мөрөөдлөө оргилуулъя” уриан дор лазер гэрэл, салютын шоуны хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан зохион байгуулах бэлтгэл ажил өрнөж байна.

Харин энэ хооронд Диснейн хамгийн том өрсөлдөгч гэж өөрийгөө тунхаглаад байгаа “Ванда Хот” соёл амралтын хүрээлэн нээгээд 7 хоногийг ардаа үдлээ. “Ванда хот”-ын нээлтийн ёслолын талаар мэдээллийг бид өнгөрсөн 7 хоногт та бүхэндээ хүргэсэн. Энэ паркийг Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Ванда группийн эзэн, тус улсын хамгийн баян эрхэм хэмээн цоллуулдаг Ван Жяньлин 3,5 тэрбум доллараар үүсгэн байгуулсан юм.

Тэгвэл орон нутгийн иргэдийн дунд шинэ соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэгчид олон байгаа талаар хэвлэлүүд онцлон мэдээлж байна. “Ванда хот” парк Хятадын соёл уламжлал, үндэсний онцлогийг тусган харуулж, тус улсад нэвтэрч байгаа харийн брендүүдтэй өрсөлдөнө гэдгээ нээлтийн ёслол дээр зарласан.

Тун удахгүй Ванда салбар паркуудаа Хятадын өнцөг булан бүрт төдийгүй, гадаад орнуудад нээх төлөвлөгөөтэй байна. Хятадын иргэд ч үндэсний брендээ илүү дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа юм. Хятад улсын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг даган дундаж давхаргын чинээлэг иргэд олширч байна. Үүнийг даган Хятадын зугаа цэнгэлийн салбар ч эрчимтэй хөгжиж, ашиг орлого нь нэмэгдсээр байна. 2014 онд Хятадын паркуудаар 133 сая хүн үйлчлүүлсэн бол 2019 онд энэ тоо 2 дахин нэмэгдэж, 282 саяд хүрэх тооцоо байна.

Ийнхүү хурдацтай өргөжиж байгаа Хятадын зах зээлд хөлөө олох зорилгоор “Хэллөү Китти” нэрийн паркаа 2014 онд нээсэн бол Юниверсал, Дримворкс Анимейшн компаниуд ч шинэ паркийн төслүүдээ эхэлжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятадын "Ванда хот" парк үйлчлүүлэгч олонтой байна  
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй