Энэтхэг улсын Агра хотод гантиг цагаан өнгө, архитекторын төгс шийдлээрээ дэлхийд алдаршсан Таж Махал цогцолбор оршдог. Энэхүү цогцолбор жил бүр олон сая жуулчныг татаж, Энэтхэгийн аялал жуулчлалын салбарт үнэмлэхүй их ашиг оруулдаг юм. Гэвч Шах Жахан хааны хайрт хатан Мумтаз Махалдаа зориулан барьсан Таж Махал цогцолборын цагаан гантиг сүүлийн жилүүдэд хэд хэдэн шалтгаанаас үүдэн өнгөө алдаж, шар, ногоон болж хувирчээ.
Агаарын бохирдол, утаанаас үүдэн Таж Махалын гантигт шар, бор өнгөр суусан байна. Харин Таж Махал ногоорох болсон нь цогцолборын ойролцоо оршдог Жамна мөрний бохирдсон усанд ялаа үржиж, эдгээр ялааны ялгадас гантигийг бохирдуулснаас үүджээ. Шумуултай төстэй харагддаг ялааны зүйл ногоогоор хооллодог учраас ялгадас нь ногоон өнгөтэй.
Гэхдээ ялгадас дахь хлорофил гэх будагч бодисыг усаар угаахад л арилж, гантигийн өнгө сэргэх учраас санаа зовох зүйлгүй гэж шавж судлаачид үзэж байгаа юм. Харин Агра хотын эрх баригчид үүнээс өөр бодолтой байна. Дэлхийн түүхэн дурсгалт газруудад ялаа, шавж үржсэнээс үүдэн жуулчдын хөл тасрах тохиолдол цөөнгүй байжээ. Иймээс Таж Махалын ойролцоо үржиж байгаа ялааны тоо толгойг нарийн хянах шаардлагатай гэдгийг хотын захиргаа хэлж байна.
Жамна мөрөнд хог хаягдлаас үүдэн усны бохирдол ноцтой түвшинд хүрэхэд тус мөрөнд амьдарч, ялаа шавжаар хооллодог загаснууд үхэж, замаг л үлдсэн юм. Энэ нь ялааны тоо толгой огцом нэмэгдэх гол шалтгаан болсон гэдгийг байгаль орчны идэвхтнүүд онцолж байна. Агра хотын эрх баригчид ялааны тоо толгойг хянах арга зам эрэлхийлж, энэ хооронд Таж Махал цогцолборыг өдөр бүр сойздон цэвэрлэх замаар гантигны цагаан өнгийг хадгалж байгаа юм.
Гэхдээ тогтмол сойздох нь ханын цэцгэн хээг элэгдүүлж, гантигны гялалзсан гадаргууг гэмтээх аюултай учраас шинэ шийдэл нэн даруй хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Шавьжны ялгадас Таж махалын гантигт ногоон өнгөр суулгаж эхэлжээ | ||
Үзсэн: 1528 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.