Шууд Chart

Энэтхэгийн Ерөнхий сайд АНУ-д айлчилж байна

2016-06-07 11:50:28

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 5 орон дамнасан айлчлалынхаа хүрээнд өчигдөр АНУ-д хүрэлцэн очлоо. Тэрээр энэ айлчлалын эхэнд Арлингтоны үндэсний оршуулгын газарт хүрэлцэн очиж, Нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэтхэгийн ерөнхий сайдын хамт АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер болон цэргийн албан хаагчид тус хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.

Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Энэтхэгийн ерөнхий сайдыг Цагаан ордонд хүлээн авч уулзана. Харин маргааш Нарендра Моди АНУ-ын Конгрессийн танхимд хандан үг хэлэх юм байна. Нарендра Моди 2014 онд Энэтхэгийн ерөнхий сайдын бүрэн эрхээ хүлээн авснаас хойш АНУ-д 4 дэх удаагаа айлчилж байгаа нь энэ юм. Өнгөрсөн оны эцэст дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа эдийн засгаар Энэтхэг улс тодорсон.

1,3 тэрбум хүнтэй тус улсын ерөнхий сайд АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татахыг айлчлалынхаа гол зорилго болгож байна. Түүнчлэн эрчим хүч, байгаль орчин, батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа Модигийн айлчлалын үеэр хэлэлцэгдэх юм. Энэтхэгийн ерөнхий сайд үүний өмнө Афганистан, Швейцари, Катарт айлчилсан бол АНУ дахь айлчлалаа өндөрлөсний дараа Мексикт 4 цагийн хугацаатай айлчлал хийхээр төлөвлөсөн байна.

Нарендра Моди энэ удаад 140 цаг үргэлжлэх 5 орон дамнасан айлчлалынхаа хүрээнд 33 мянган км замд 44 цагийн нислэг үйлдэж байгаа гэдгээрээ онцлог. Түүний эдгээр айлчлалаар хоёр талт хамтын ажиллагааны 45 гаруй гэрээ хэлэлцээр батлагдах юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Энэтхэгийн Ерөнхий сайд АНУ-д айлчилж байна  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй