БНХАУ гангийн үйлдвэрлэлээ бууруулаагүй нөхцөлд дэлхийн зах зээл дээр тус бүтээгдэхүүний илүүдэл үүсэх аюултайг АНУ-ын Сангийн сайд Жейкоб Лью анхааруулж байна. Жейкоб Лью Хятадын нийслэл Бээжин хотноо Хятад Америкийн стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээний 8 дахь шатны хуралдаанд оролцохоор хүрэлцэн очсон юм.
Тэрээр уулзалтын өмнө олон нийтэд хандан дээрх мэдэгдлийг хийсэн байна. Хятад улс дэлхийн зах зээл дээрх гангийн нийт нийлүүлэлтийн талаас илүү хувийг дангаар бүрдүүлдэг. Энэ салбарын гол тоглогч болох Хятад улсыг зах зээлийн үнээс доогуур ханшаар ган худалдаалж, бүтээгдэхүүний үнийг унагаж байна хэмээн бусад орны зүгээс шүүмжилдэг юм. АНУ-ын сангийн сайд өчигдөр хийсэн мэдэгдэлдээ дэлхийн зах зээлд эрэлтээс давсан хэмжээний ган нийлүүлэх нь хэд хэдэн сөрөг талтай төдийгүй Хятадын эдийн засагт ч таагүй нөлөө үзүүлнэ гэдгийг анхаарууллаа.
Европын ган үйлдвэрлэгч Хятадын экспортолж байгаа хямд бүтээгдэхүүнд зах зээлээ алдахаас эмээж эхлээд байна. Мөн Энэтхэгийн Тата Стил компани алдагдалтай ажилласнаас үүдэн Их Британи дахь салбараа худалдахаар шийдвэрлэсэн юм. Энэ мэтээр бүтээгдэхүүний илүүдэл нөөцийн зохисгүй хуваарилалт үүсгэж, ган нийлүүлэгч бусад орон зах зээлийн ханшаас доогуур үнээр бүтээгдэхүүнээ борлуулахаас аргагүйд хүрч байгааг Жейкоб Лью хэлж байна. Энэ асуудлыг АНУ-ын төлөөлөгчид өнөөдөр үргэлжлэх уулзалтаар Хятадын талтай хөндөн хэлэлцэх юм байна.
Гангийн экспортоо бууруулаагүй нөхцөлд дэлхийн зах зээлд илүүдэл үүсэх аюултайг АНУ анхаарууллаа | ||
Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.