Германы нийслэл Берлин хотын инженер “хагас дугуй” нэртэй шинэ бүтээл сэдсэн байна. “Хальбрад” буюу “хагас дугуй” нь бидний мэдэх унадаг дугуйг талласан мэт загвартай. Иймээс овор хэмжээ бага энэ дугуйг хэрэглэгч нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүр хоршоо болон бусад газарт үйлчлүүлэхдээ унадаг дугуйн зогсоол хайх, дугуйгаа хулгайд алдах вий гэж санаа зовох шаардлагагүй болж байна. “Хальбрад” дугуйг бариад явахад хөнгөн, бартаа саадыг хялбархан давж гарахаар хийснийг та бүхэн харж болно.
Германы шинийг сэдэгч Феликс Крушчард энэ дугуйг бүтээжээ. Тэрээр жижиг диаметр бүхий урд дугуйг том ард дугуйтай, мөн суудлыг жолоотой хослуулснаар “Хальбрад” гэх шинэ дугуй маш авсаархан бүтэцтэй болсон байна. Сүүлийн жилүүдэд хотжилт, хүн амын шигүү суурьшлыг даган орон зайд хэмнэлттэй унадаг дугуй бүтээх салбарт өрсөлдөөн эрчимжиж байна. Олонх үйлдвэрлэгчид эвхэгддэг унадаг дугуй бүтээж, гүйлгээнд нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн таашаалд нийцээд байгаа юм.
Харин “Хальбрад” хагас дугуйг ашиглахдаа дэлгэж, томруулах шаардлагагүй учраас хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд осол гаргахаас айлтгүй гэдгээрээ давуу талтай. “Хальбрад” дугуйг анх унаж байгаа хүн суудалтай нэг цэгт холбосон жолоог ашиглахад багахан бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ хэрэглэгчид тун хурдан “Хальбрад” дугуйд дасаж, хэдхэн минутын дотор чадварлаг унаж сурдаг байна.
Хурдан, хэрэглэхэд эвтэйхэн гэдгээс гадна “Хальбрад” дугуйг унах хөгжилтэй гэдгийг туршилтад оролцогсод хэлж байгаа юм. 99 см өндөр, 79 см урт, нийтдээ 9 кг жинтэй энэ хагас дугуй зах зээл дээр хараахан худалдаалагдаж эхлээгүй байгаа юм. Гэхдээ зах зээлд гарсан үед нь худалдан авах хүсэлтэй хүлээлт аль хэдийн үүссэн гэдгийг Феликс Крушчард онцолж байна.
Энгийн унадаг дугуйнаас хоёр дахин авсаархан "Хальбрад" унадаг дугуй | ||
Үзсэн: 997 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.