АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ирэх 11-р сард зохион байгуулагдах ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших бүрэн боломж нээгдсэн талаар Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлж байна. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд АНУ-ын муж улсууд дахь төлөөлөгчдийн 2 мянга 383-аас доошгүй саналыг цуглуулсан байх шаардлагатай юм.
Тэгвэл өчигдөр орой Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлснээр Хиллари Клинтон энэ босгыг давах нь тодорхой болжээ. Ардчилсан намын олон тооны чөлөөт төлөөлөгч Ирах сард Филадельфи хотод зохион байгуулагдах намын их хурлаар Хатагтай Клинтоныг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Эдгээр төлөөлөгчийг АНУ-ын муж улсуудаас цуглуулсан саналын дүнтэй нэгтгэвэл Ардчилсан намын сунгаанд ялах босгыг хангаж байгаа юм байна. Ингэснээр Хиллари Клинтон АНУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдоход нэг алхам ойртож байна.
Харин Хиллари Клинтоны эсрэг Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж байгаа Берни Сандерс нийт 1,521 төлөөлөгчийн саналыг өөртөө цуглуулаад байгаа юм. Энэ байдлаараа түүнд Хиллариг ялах магадлал тун бага ч, Вашингтонд болох санал хураалтын өмнө бууж өгөхгүй гэдгээ Берни Сандерс мэдэгдээд байна. Өнөөдөр АНУ-ын 7 муж улсад АНУ-ын Ардчилсан намын сунгаа үргэлжилнэ. Харин Вашингтонд болох сунгаа энэ сарын 14-нд товлогдоод байгаа юм.
Хиллари Клинтон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвших босгыг хангалаа | ||
Үзсэн: 1643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.