Шууд Chart

Лаосын нутаг дэвсгэрт АНУ хоёр сая ам.долларын санхүүжилт хийнэ

2016-06-07 13:12:21

Лаосын нутаг дэвсгэрт Вьетнамын дайнаас дэлбэрээгүй үлдсэн тэсрэх, дэлбэрэх төхөөрөмж, мина цэвэрлэх ажиллагааг АНУ 2 сая америк доллараар санхүүжүүлэхээр болсон байна. Лаосын орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Америк, Лаос хоёр орны төлөөлөгчид Вьентьян хотноо энэ тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн дагуу тэсрэх дэлбэрэх төхөөрөмж аюулгүй болгох ажиллагааг АНУ-ын Төрийн департаментын зэвсгийг халах, цөөрүүлэх газар хариуцан, санхүүжүүлнэ. Төслийн ажил нэн тэргүүнд Сиангкхуанг мужийн гурван дүүрэгт өрнөх юм байна.

1964 оноос эхлэн 9 жилийн турш Лаосын хэд хэдэн бүс нутаг, тэр дундаа тус улсын зүүн хойд хэсэгт оршдог Сиангкхуанг муж АНУ-ын ширүүн бөмбөгдөлтөд өртсөн түүхтэй. НҮБ-ын тооцоогоор Америкийн бөмбөгдөгч нисэх онгоцууд Лаос улсын нутаг дэвсгэрт 2 тонн гаруй тэсрэх бөмбөг хаяжээ. Эдгээрийн дунд 270 сая кластер бөмбөг байснаас 80 гаруй сая нь өнөөг хүртэл дэлбэрээгүй газарт булаатай үлдэж, Лаос улсын ард иргэдийн амь насанд аюул занал учруулсаар байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх 9-р сард Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Лоаст хүрэлцэн очно.

Энэ явдлыг угтан хоёр талын хамтарсан төсөл эхэлж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Та бүхэнд сануулахад, 1996 оноос 2015 оны хооронд Лаосын 55 мянган га талбайг тэсрэх дэлбэрэх төхөөрөмжөөс бүрэн цэвэрлэсэн юм. Гэвч 71 мянган хөлбөмбөгийн талбайтай тэнцэх өргөн уудам энэ нутаг тэсрэх дэлбэрэх төхөөрөмж булаатай нийт нутаг дэвсгэр болох 8,7 сая га-гийн ердөө 6,3 хувьтай тэнцэж байна. 1968 оноос 2008 оны хооронд 50 гаруй энгийн иргэн газарт булаатай тэсрэх бөмбөгөнд өртөн, эрүүл мэнд, амиа насаараа хохирсон гэх тооцоог Лаосын засгийн газар хийжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Лаосын нутаг дэвсгэрт АНУ хоёр сая ам.долларын санхүүжилт хийнэ  
Үзсэн: 1380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй