Иран улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсантай холбоотойгоор тус улсын худалдааны эргэлт сүүлийн саруудад нэмэгдэж байна. Иран газрын тосны арвин нөөцтэй, ийм ч учраас хориг цуцлагдсаны дараа хар алтны экспортоо эрс өсгөж эхэлснийг үзэгчид маань санаж байгаа байх. Тэгвэл эргэн цэцэглэх найдвар өвөртөлж байгаа бизнесийн бас нэг салбар нь Ираны сарнай цэцгийн тариалан байгаа юм. Ираны төв хэсэгт оршдог Камсар хот сарнай цэцгийн тариалангийн гол төвлөрсөн бүс.
Тус хотод цэцэрлэгчид цаг нартай уралдан, “Дамаскийн сарнай” гэж алдаршсан ягаан сарнайн гараар түүдэг юм. Цайвар ягаан өнгөтэй “Дамаскийн сарнай” мөн “Мохамедийн сарнай” гэх нэрээрээ Иранд алдартай. Энэ сарнайг дэлгэрмэгц нь амжиж түүхгүй бол анхилам үнэр нь халуун агаарт сарниж, шавж цуглан сүйтгэх аюул нүүрлэдэг байна.
Иймээс цэцэрлэгчид өргөсөнд хатгуулахаас сэргийлсэн тусгай бээлий өмсөж, дэлбээлсэн “Дамаскийн сарнай”-г гараар түүдэг. Дамаскийн сарнай цэцгийн бут 2 метр хүртэл өндөр ургах нь ч байдаг. Энэ бут жил бүрийн 5-р сараас 6-р сарын дунд үе хүртэл цэцэглэдэг юм байна. Ираны Камсар хотын Алиреза Ансари гэх эрхэм 26 жил сарнай ургуулж байгаа бөгөөд эдүгээ сарнайн бутны 40 га тариалантай. Га бүрээс ойролцоогоор 4 тонн сарнай хурааж, уламжлалт болон үйлдвэрийн аргаар хандлан, үнэртэн болон бусад бүтээгдэхүүн гарган авдаг байна. Ойрхи Дорнодод сарнай цэцгийг хандлах арга уламжлал мянга гаруй жилийн тэртээгээс өвлөгдөн иржээ.
Сарнайг хандалж, олон төрлийн бүтээгдэхүүн гарган авах 8 цаг үргэлжилдэг үйл явцыг сонирхохоор 5-р сард олон жуулчин Камсар хотод хүрэлцэн очдог байна. Сарнайг хандалсны дараа саванд сарнай цэцгийн цэвэр үнэрийг хадгалсан эфирийн тос тунаж үлддэг. Энэ бол сарнайн хамгийн үнэтэй дайвар бүтээгдэхүүн. Үнэртэн үйлдвэрлэгчдийн эрдэнэ болсон энэ тос зөвхөн 1 литр нь л гэхэд олон арван мянган долларын үнэ хүрдэг. Ираны эсрэг хориг арга хэмжээ цуцлагдсан учраас Франц, Хятад болон бусад орны үйлдвэрлэгчид тус улсаас сарнай цэцгийн эфирийн тос худалдан авах боломж эргэн нээгдэж байгаа юм.
Иранчууд сарнай цэцгийн ургацаа хурааж байна | ||
Үзсэн: 1931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.