Шууд Chart

Туркт дүрвэгчид, жуулчдыг холбох шинэ хөтөлбөр хэрэгжиж байна

2016-06-07 13:33:10

Сири улсад 5 жил гаруйн турш үргэлжилж байгаа иргэний дайнаас үүдэн тус улсын олон зуун мянган иргэн төрөлх нутаг, гэр орноо орхин, харийн нутагт дүрвэхээс аргагүйд хүрсэн билээ. Эдгээр дүрвэгчийн үзэж туулсан хүнд бэрх түүхийг олон нийтэд таниулах шинэ санааг Турк улсад байрладаг “Истанбулын жижиг төслүүд” нэртэй төрийн бус байгууллага санаачилжээ. Турк улс бусад улстай харьцуулахад хамгийн олон буюу 2,5 сая сирийн дүрвэгчийг нутаг дэвсгэртээ орогнуулж байгаа юм.

Эдгээр дүрвэгч жуулчдад үндэсний хоолоо хийж өгч, орон гэрээ орхисон шалтгаан, туулсан хүнд бэрх аян замынхаа талаар түүхийг энэ зуур хуваалцдаг байна. Сүүлийн саруудад Европын олон оронд цагаач дүрвэгчдийн эсрэг үзэл эрчээ авч, хилээ хаахыг уриалсан хэт үндсэрхэг үзэлтэй намуудын нэр нөлөө ихсэх хандлагатай байгаа. Ийм үед дүрвэгчдийн бодит түүхийг хуваалцах нь “дүрвэгч” гэх тодотголын ард мартагдсан хүн бүрийн өвөрмөц түүх, авьяас чадвар, ааш занг тодотгон харуулахыг төслийн баг зорьжээ. Харин дүрвэгчид энэ төсөлд ажилласнаар гэр бүлээ хооллох багахан ч гэсэн орлого цуглуулах боломж бүрдсэн байна.

Истанбулын төрийн бус байгууллага “Хотын адал явдал” нэртэй байгууллагатай хамтран жуулчид, дүрвэгчдийг нэгэн дээвэр дор уулзуулах хөтөлбөрийг өнгөрсөн 4-р сараас зохион байгуулж эхэлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд 7 хоног тутам дүрвэгчид жуулчидтай уулздаг. Жуулчин бүрийн төлсөн 50 долларыг дүрвэгчдэд туслалцаа үзүүлэх хандив болгон цуглуулдаг байна. Жуулчид энэ хөтөлбөрөөс их зүйл сурсан гэдгээ хэлж байна.

Тухайлбал эх нутгаасаа дүрвэсэн олон сая дүрвэгчдийн дунд эгэл жирийн нэгнээс эхлэн их сургууль дүүргэж, нарийн мэргэшсэн чадварлаг боловсон хүчин, авьяаслаг тамирчид, уран бүтээлчид ч байдгийг энэ хөтөлбөр таниулжээ. Иймээс сирийн дүрвэгчдийг “дүрвэгч” гэдэг нэрээр нь түрүүлж дүгнэлгүй, тэдний түүхийг сонсоод үзээрэй гэж “Истанбулын жижиг төслүүд” төрийн бус байгууллага уриалж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Туркт дүрвэгчид, жуулчдыг холбох шинэ хөтөлбөр хэрэгжиж байна  
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй