Швейцари улсын нийгмийн халамжийн бодлогыг үндсээр нь өөрчилж болзошгүй байсан асуудлаар өнгөрсөн ням гарагт бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдаж, энэ даваа гарагт дүнгээ гаргасан нь олон улсын анхаарлыг татсан халуун сэдэв болж байна. Швейцарийн иргэн бүрт ажил эрхэлдэг эсэхээс нь үл хамааран мөнгөн тэтгэмж олгох нь зүйтэй эсэхийг энэ санал асуулгаар хэлэлцсэн.
Санаачлага биеллээ олсон тохиолдолд сард насанд хүрсэн хүн бүрт 2,500 швейцари франк буюу 2,550 америк доллар, мөн хүүхэд бүрт 625 швейцари франк олгох учиртай юм. Хүн бүрийг суурь орлогоор хангах тухай ийм санаачлага түүхэнд анх удаа үндэсний түвшний санал асуулгаар орсон гэдгээрээ онцлогтой байсан. Гэсэн хэдий ч 2,5 сая хүн оролцсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 77 хувь нь дээрх санаачлагыг дэмжээгүй юм.
Халамжийн бодлогыг хэтийдүүлэхийг хүсээгүй швейцаричуудын шийдвэрийг олон улс сайшааж байгаа бол зарим шинжээч харин үүнээс өөр бодолтой байна. Сар бүр иргэдэд чамлахааргүй хэмжээний мөнгийг тэтгэмж хэлбэрээр олгох нь Швейцарийн эдийн засагт нэлээд дарамт учруулах байсан. Гэсэн хэдий ч санал асуулгад оролцсон иргэдийн 23 хувь буюу 560 гаруй мянган хүн энэ санаачлагыг дэмжсэн нь шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Бүгдэд суурь орлого ижил тэгш хүртээх тухай санаачлага Швейцарийн бүх нийтийн санал хураалтаар дэмжигдээгүй ч, энэ санаачлагыг гаргагчид зорилгодоо хүрсэн гэж шинжээчид үзэж байгаа юм.
Европын олон орон Швейцарид зохион байгуулагдсан энэхүү санал асуулгыг ажиглаж, хүн бүрт мөнгөн тэтгэмж хуваарилах бодлого Европын хэд хэдэн орны ард иргэдийн анхааралд өртсөн юм. Түүнчлэн Швейцарийн судалгааны фирмийн мэдээлснээр тус улсын иргэдийн 69 хувь нь энэ асуудал дахин улсын түвшинд хэлэлцэгдэх нь дамжиггүй гэж үзэж байгаа бол, 31 хувь нь суурь орлогыг ирэх 30 жилийн дотор хуульчилна гэдэгт итгэж байгаа нь харагджээ. Залуучууд энэ санааг илүүтэй дэмжиж байгаа нь мөн санал асуулгаас харагдсан байна.
Швейцарийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг санаачлагчид зорьсондоо хүрсэн гэж шинжээчид үзэж байна | ||
Үзсэн: 1653 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.