БНХАУ, АНУ-ын стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээний 8 дахь шатны хуралдаан өчигдөр өндөрлөлөө. 2 өдөр үргэлжилсэн тус хуралдааны эцэст Бээжин хотноо Америк, Хятадын төлөөлөгчид хэвлэлийн хамтран бага хурал зохион байгуулсан байна. Хоёр орны стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээний үеэр Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааны асуудал хэлэлцэх гол сэдвийн нэг байсан. Гэвч хоёр тал энэ асуудлаар буулт хийлгүй, эрс зөрүүтэй байр суурь баримталсан хэвээр байгаа нь хамтарсан хэвлэлийн бага хурлаас харагдлаа.
Хятад улс Өмнөд Хятадын тэнгист хиймэл арлууд байгуулж, эдгээр арлаа цэрэгжүүлж эхэлсэн нь бүс нутгийн бусад орон төдийгүй АНУ-ын зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээсэн. Мөн Филиппин улс Гааг дахь олон улсын арбитрын шүүхэд дээрх асуудлаар Хятадын эсрэг зарга үүсгээд байгаа. Тэгвэл Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанд оролцогч аль нэг тал бусад оронтой зөвшилцөлгүй дангаар шийдвэр гаргах, бүс нутгийн статус квог өөрчлөхийг оролдохыг эсэргүүцнэ гэдгээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри илэрхийлсэн байна.
Харин Хятадын тал Өмнөд Хятадын тэнгист байгуулсан хиймэл арлуудаас усан хилээ тооцно, энэ дагуу нутаг дэвсгэрээ батлан хамгаална гэдгийг тус улсын төрийн зөвлөх Ян Зечи хариу мэдэгджээ. Мөн Хятадын засгийн газар Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар гаргасан Гааг дахь олон улсын арбитрын шүүхийн ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг тэрээр хатуу мэдэгдсэн байна. Гаагийн шүүх сар хүрэхгүй хугацааны дотор энэ асуудлаар эцэслэсэн шийдвэрээ гаргах юм.
БНХАУ, АНУ, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар эрс зөрүүтэй байр суурь баримталсан хэвээр байна | ||
Үзсэн: 1092 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.