ОХУ Украинтай залгаа хилдээ цэргийн шинэ бааз байгуулж байгаа талаар "Ройтерс" агентлаг уламжилж байна. "Ройтерс"-ийн сэтгүүлч Оросын хилийн бүс нутагт оршдог Клинцы хотод ажиллах үеэрээ тус хотод цэрэг байршуулж байгаа тухай мэдээлжээ. Өнгөрсөн онд Орос Украинтай залгаа хилийнхээ өмнөд хэсэгт 2 шинэ бааз байгуулж байгаа талаар "Ройтерс" мөн мэдээлж байсан. Энэ удаад шинэ бааз байгуулж байж болзошгүй Клинцы хот нь Орос, Украин, Беларусийн хооронд ачаа тээвэрлэж яваа авто машинуудын дамжин өнгөрдөг гол бүс нутагт тооцогддог.
Гэхдээ Оросын батлан хамгаалах яам дээрх мэдээллийг үгүйсгэж, Клинцы хотод цэрэг байршуулаагүй болохоо мэдэгдээд байна. Нөгөөтэйгүүр Клинцы хотын албаны хүн үүнээс зөрүүтэй мэдээлэл өгч, 240 орчим хүнтэй шинэ дивиз тус хотод хүрэлцэн ирсэн гэж мэдэгджээ. Хэрэв "Ройтерс"-ийн уламжилж байгаа мэдээ нотлогдвол Клинцы хотын шинэ бааз Балтын тэнгис дагуу байрлаж байгаа Оросын цэргийн бие бүрэлдэхүүний тоог дахин нэмэх юм.
Энэ нь Балтын тэнгисийн бүс нутагт НАТО үйл ажиллагаагаа эрс эрчимжүүлж, Зүүн Европын орнуудад олон тооны цэрэг, техник байршуулах болсонтой холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хүйтэн дайн төгссөнөөс хойш өнөөг хүртэлх НАТО-гийн хамгийн өргөн цар хүрээтэй сургуулилт энэ 7 хоногт Зүүн Европт эхэлсэн. Энэ мэтээр НАТО зүүн зүгт тэлэх бодлого баримталж байгаа учраас Орос үүний хариуд хилийн бүс нутагтаа цэрэг, батлан хамгаалахын хүчин чадавхиа нэмэгдүүлж байгааг шинжээчид хэлж байгаа юм. Та бүхэнд сануулахад Орос, НАТО-гийн гишүүн орнууд Балтын тэнгисийн бүс нутгаар хиллэдэг. Мөн Оросын хөрш Украинд 2 жилийн өмнө төрийн эргэлт гарснаас хойш тус улсыг Москва НАТО-гийн дагуул улсад тооцох болсныг шинжээчид хэлж байна.
ОХУ Украинтай залгаа хилдээ цэргийн шинэ бааз байгуулж байж болзошгүй | ||
Үзсэн: 1504 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.