Шууд Chart

"Форбес" сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг тодрууллаа

2016-06-08 13:24:52

Дэлхийн улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг,  оролцоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ үетэй зэрэгцэн АНУ-ын "Форбес" сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтаа шинэчлэн танилцууллаа. 2016 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр Германы канцлер Ангела Меркель тодорсон байна. Тэрээр 6 дахь жилдээ дараалан энэ жагсаалтыг тэргүүлж байгаа төдийгүй 2015 онд "Тайм" сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорсон гэдгээрээ онцлог.

2016 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр Германы канцлер Ангела Меркель

Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж байгаа Хиллари Клинтон Меркелийн араас удаалсан байна. АНУ-ын тэргүүн хатагтай асан, мөн тус улсын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтон өнгөрсөн жилийн жагсаалтад мөн л хоёрдугаар байр эзэлсэн юм. "Форбес" сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтын гуравдугаарт АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен, дөрөвдүгээрт Билл Гейтсийн гэргий Мелинда Гейтс, харин "Женерал Моторс" корпорацийн гүйцэтгэх захирал Мэри Барра тавдугаар байрт жагсчээ.

2016 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр дахь эмэгтэйгээр тодорсон Хиллари Клинтон

"Форбес" сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтад улс төрийн салбараас 26 эмэгтэй багтсаны дотор 11 орны төр засгийн тэргүүн нар, тэр дундаа Их Британийн хатан хаан, эдүгээ 90 настай 2-р Элизабет байгаа юм. Мөн Мьянмарын де факто удирдагч гэж олон улсын хэвлэлүүд тодорхойлж байгаа Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи жагсаалтын 26-д бичигджээ. "Форбес" оны нөлөө бүхий эмэгтэйчүүдийг тодруулахдаа хөрөнгө орлого, хэвлэл мэдээлэлд эзэлж байгаа байр суурь, нөлөөллийн хүрээ, мөн ажиллаж байгаа салбартаа оруулсан хувь нэмэр зэргийг харгалзан үздэг. Энэ оны жагсаалтад урд жилүүдийн уламжлалыг өөрчилж урлаг, соёлын алдартнуудыг багтаагаагүй болохыг хэвлэлүүд онцолж байна.

3-рт шалгарсан АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Форбес" сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийг тодрууллаа  
Үзсэн: 1668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй