Шууд Chart

БНХАУ-д “Гаокао” шалгалт эхэллээ

2016-06-08 14:57:20

Өчигдөр БНХАУ даяар элсэлтийн ерөнхий шалгалт нэгэн зэрэг эхэллээ. Мөрөөдлийн сургуульдаа элсэн орохыг хүссэн 9.4 сая сурагч энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж байгаа юм. Хятадад “Гаокао” гэж нэрлэгддэг энэ шалгалт 1950-иад оноос эхлэн зохион байгуулагдаж, тус улсын боловсролын салбарын чухал үйл явдал байсаар ирсэн. Энэ шалгалтад өндөр оноо авах нь тухайн сурагч хүссэн сургуульдаа элсэн орох, улмаар ар гэрийнхээ амьдралын баталгааг хангах гол зам гэж үздэг юм. Ийм ч учраас Хятадад шилдэг их сургуулийн оюутан төгсөгчид дунд сургуулийн сурагчдыг “Гаокао” шалгалтад төлбөртэйгөөр бэлдэж, шалгалтын өмнөх саруудад гэрт нь амьдардаг аж.

Энэ онд Хятадын элсэлтийн ерөнхий шалгалтын цэгүүд сурагчдыг хуулахаас сэргийлэх арга алхмаа эрс чангатгаад байна. Орчин үеийн техник технологийн хөгжил сурагчдыг хялбар аргаар хуулах боломжийг нэмэгдүүлсэн. Хятадад сурагчид чихэвч, цаг, мөн хүлээн авагч бэхэлсэн цамц хүртэл ашиглаж, шалгалтад хуулахаар оролдож байсан удаатай. Иймээс элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах цэгүүд металл илрүүлэгч ашиглах болсон байна.

Өнгөрсөн онд Хятадын Хэнань мужид хуулж байгаа сурагчийг тогтооход радио долгион илрүүлэгч бүхий дрон буюу нисдэг төхөөрөмж хүртэл ашиглаж эхэлжээ. Харин энэ оны онцлог нь хуулсан сурагчид зөвхөн шалгалтаас хөөгдөөд зогсохгүй, илүү хүнд шийтгэл хүлээхээр болсон явдал. Хятадын Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр элсэлтийн ерөнхий шалгалтад хуулахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох болжээ.

Энэ хуулийн дагуу элсэлтийн ерөнхий шалгалтад хуулсан, хууран мэхлэх арга ашигласан сурагчийг 3-7 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэхээр болсон байна. Мөн хуулсан сурагч дахин 3 жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхээ хасуулж, шалгалтын хянагч сурагчид тусалсан нөхцөлд хам хэрэгтэнд тооцох тухай дээрх хуульд заасан байдаг гэнэ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНХАУ-д “Гаокао” шалгалт эхэллээ   
Үзсэн: 1792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй