Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Евро-2016”-г угтан Францын эрх баригчид нийслэл хотынхоо аюулгүй байдлыг чангатгаж байна. Маргааш эхлэх “Евро-2016” тэмцээний үеэр халдлага дайралтад өртөж болзошгүй гол байршлуудыг хамгаалахын тулд цэрэг, цагдаагийн олон тооны нэмэлт хүч дайчлагджээ.
Франц улсад нэг сарын турш үргэлжлэх “Евро-2016” тэмцээний үеэр Парис хотын түүхэн дурсгалт газрууд, жуулчид олноор цуглардаг бүс болон тээврийн хэрэгслийн буудал зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудыг хамгаалуулахаар 1200 нэмэлт цэрэг байршуулсан байна. Харин “Евро-2016” тэмцээний цуврал тоглолтууд зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэнгүүд, хөгжөөн дэмжигчид олноор цугларах бүсэд аюулгүйн хүчний 13 мянган албан хаагч дайчилсан байна. Парис хотод хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдэд зориулан “Евро-2016” тэмцээнийг гадна талбайд том дэлгэцээр шууд дамжуулна.
Эйфелийн цамхгийн зэргэлдээ оршдог энэ талбай нийт 2 мянган хөгжөөн дэмжигч хүлээн авах боломжтой гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. “Евро-2016”-г үзэхээр дэлхийн олон улс орны иргэд Франц улсыг зорьж байна. Жуулчид, хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид цэрэг, цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт дор “Евро-2016”-г аюулгүй зохион байгуулагдана гэх итгэл найдвар өвөртөлж байгаа юм.
Та бүхэнд сануулахад, Францын эрх баригчид Парисын халдлагын дараа тогтоосон онц байдлын дэглэмийг Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал сунгасан. Энэ дэглэм “Евро-2016” тэмцээнээс гадна энэ зуны хүсэн хүлээлт үүсгэсэн спортын бас нэг том наадам болох “Тур де Франс” дугуйн уралдааны үеэр аюулгүй байдлыг сахиулахад чухал ач холбогдолтой гэж Францын эрх баригчид үзэж байгаа юм.
“Евро-2016” тэмцээнийг угтан аюулгүй байдлаа чангатгаж байна | ||
Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.