Тайландын Ван Пхумипон Адульядет хаан ширээнд заларсны 70 жилийн ойн баяр наадам өчигдөр эхэллээ. Тайландын Ван эдүгээ 88 насыг зооглож байна. 1946 оны 6-р сарын 9-нд 18 настайдаа хаан ширээг үе залгамжилсан тэрээр энэ суудалд 70 дахь жилээ угтсанаар дэлхийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд суусан эзэн хаанаар тодорч байна. Энэ ойг тохиолдуулан Тайландын нийслэл Бангкок хотноо орших хааны ордны гадна 770 лам шашны ёслол зохион байгууллаа.
Түүнчлэн Вангийн лагшин тунгалаг байхын төлөө залбирахаар олон зуун иргэд Тайландын хааны ордны гадна цугларсан байна. Харамсалтай нь Тайландын эзэн хаан Пхумипон Адульядет биеийн байдал муу байгаагаас ойн баярын үйл ажиллагаанд оролцож чадсангүй. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт зүрхний мэс ажилбарт орсон юм. Иймээс ойн баярт хүрэлцэн очсон Тайландын ерөнхий сайд Прают Чан-Оча Ван Пхумипон Адульядет болон түүний хатанд биечлэн биш, харин гэрэл зурагт нь хүндэтгэл үзүүлжээ.
Тайландын эзэн хаан хаан ширээг залгамжлан авснаасаа хойш улсынхаа ард иргэдийн гүн итгэл, хүндэтгэлийг хүлээсэн юм. 10 жилийн өмнө түүний хаан ширээ залгамжилсны 60 жилийн ойг тэмдэглэхээр 1 сая хүн цугларсан гэх тооцоо байдаг. Харамсалтай нь сүүлийн 5 жилийн турш Пхумипон Адульядет хааны эрүүл мэнд доройтон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Улмаар өнгөрсөн 7 хоногт түүний биеийн байдал эрс муудаж, яаралтай мэс засалд орсон юм.
Пхумипон Адульядет хаан ширээнд заларсан ойн баярын үеэр эзэн хааных нь эрүүл мэнд доройтож байгаад Тайландын иргэд сэтгэл зовниж, түргэн эдгэрэхийг хүсэн залбирцгааж байна.
Тайландын Ван Пхумипон Адульядет хаан ширээнд заларсны 70 жилийн ой тохиолоо | ||
Үзсэн: 1634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.