Бразилын нэрт хөлбөмбөгчин Пелед зориулж тусгайлан хийлгэсэн дэлхийн цомын хуулбар хувилбар Лондон хотноо болсон дуудлгага худалдаагаар тун өндөр үнэд хүрчээ. Пелегийн хөлбөмбөгийн спортод хүчин зүтгэсэн хугацаанд цугларсан 2 мянга гаруй эд зүйлсээс бүрдсэн үнэт цуглуулга Лондон хотын дуудлага худалдаагаар орсон юм. Эдгээрээс хөлбөмбөгийн ДАШТ-ий хуулбар цом хамгийн өндөр үнэ буюу 571 мянган ам.доллараар худалдаалагдсан байна. Үүнээс гадна 1958 оны хөлбөмбөгийн ДАШТ-ээс хүртсэн алтан медаль 290 мянган долларын үнэ хүрчээ.
Пеле 1958, 1962, 1970 оны хөлбөмбөгийн ДАШТ-үүдэд аваргалж, гурван удаагийн дэлхийн цомыг гардан авсан цор ганц хөлбөмбөгчин юм. Иймээс түүний энэ спортод оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг хүндэтгэж, 1970 онд аваргын цомыг дуурайлгаж хийлгэсэн тусгай алтан цомыг Пелед гардуулж байсан юм. Энэ цом өндөр үнэд хүрэх болсонд гайхах зүйлгүй гэж шинжээчид үзэж байна.
Учир нь ДАШТ-ий анхны шилжин явах алтан цом 1983 онд хулгайд алдагдаж, тус цаг үеэс хойш эргэн олдоогүй түүхтэй. Энэ цомыг хулгайлсан этгээдүүд хайлуулж, дамлан наймаалсан гэж мэргэжилтнүүд таамагладаг. Дээрх цом ийнхүү алга болсны дараа Пелегийн хуулбар цомны үнэ цэнэ эрс нэмэгдсэн юм. Эдүгээ 75 настай Пеле хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн агуу хөлбөмбөгчин маргаангүй мөн гэж олон мэргэжилтэн хүлээн зөвшөөрдөг. Тэрээр энэ их спортод хүчин зүтгэх хугацаандаа Бразилыг төлөөлж 92 тэмцээнд оролцож, 77 гоал багтаа авчирч байжээ.
Пелегийн цом 571 мянган ам.доллараар худалдаалагдлаа | ||
Үзсэн: 1517 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.