Ирэх 11-р сард зохион байгуулагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Хиллари Клинтоныг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж Барак Обама үзэж байна. АНУ-ын тэргүүн хатагтай асан, мөн Обамагийн засаг захиргаанд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтон Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших саналын босгыг даваад байгаа юм. Өчигдөр ерөнхийлөгч Барак Обама Хилларигийн өрсөлдөгч, мөн л Ардчилсан намын сунгаанд хүч үзэж байгаа Вермонт мужийн сенатор Берни Сандерсийг хүлээн авч уулзсан.
Үүний дараа Хиллари Клинтоны Твиттер хуудсанд нийтлэгдсэн дүрс бичлэгээс дээрх мэдэгдэл олон нийтэд ил болжээ. Обама энэхүү дүрс бичлэгээр дамжуулан Хиллари Клинтоныг ерөнхийлөгчийн албан тушаалыг хамгийн чадварлаг гүйцэтгэж чадах хүн гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Улмаар энэ удаагийн сонгуульд тэрээр Хиллари Клинтоныг албан ёсоор дэмжиж, сонгуулийн кампанит ажилд нь оролцоно гэдгээ энэ бичлэгээр олон нийтэд зарлалаа.
Мөн 2008 онд ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд Обама Хиллари Клинтоны эсрэг ялалт байгуулж байсан түүхтэй. Барак Обама ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Хиллари Клинтоныг өөрийн засаг захиргаанд төрийн нарийн бичгийн даргаар томилж байсан юм. Хиллари Клинтон Ардчилсан намын албан ёсны нэр дэвшигчээр тодорсон нөхцөлд том намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших анхны эмэгтэй болно гэдгийг хэвлэлүүд онцолж байна.
Барак Обама Хиллари Клинтоныг дэмжинэ | ||
Үзсэн: 1777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.