Шууд Chart

АББА хамтлагийн гишүүд тайзнаа эргэн нэгдлээ

2016-06-10 13:02:08

 Өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст хөгжмийн ертөнцийн домог болж үлдсэн АББА хамтлагийн 4 гишүүн сүүлийн 30 жилд анх удаа тайзнаа эргэн нэгджээ. АББА-гийн хоёр эрэгтэй гишүүн, тус хамтлагийн дуунуудыг хамтран зохиодог байсан Бьорн Ульвеус, Бенни Андерссон нар уран бүтээлийн зам нийлсний 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэхүү онцгой үйл явдлыг тохиолдуулан хамтлагийн 4 гишүүн өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Стокгольм хотноо хаалттай тоглолт зохион байгуулсан байна. 

АББА хамтлагийн гишүүд дахин хамтарсан тоглолт хийхгүй гэдгээ олон жил дараалан мэдэгдэж, тус хамтлагийн шүтэн бишрэгчид ч энэ мэдэгдлээс үүдэн тэдний тоглолтыг хүсэн хүлээхээ болиод удаж байна. Мөн тус хамтлагийн гишүүд 1 тэрбум америк долларын гэрээний саналаас татгалзсан гэх цуу яриа ч хэвлэлүүдээр тарж байсан удаатай.

Гэвч энэ бүхнийг үл харгалзан АББА-гийнхан тайзнаа эргэн нэгдэж, 1980-аад оны хит болсон “Ми энд Ая” дууг хамтран дуулсан нь олон түмэнд том гэнэтийн бэлэг болж чадлаа. Ням гарагт болсон ойн баярын үйл ажиллагаанд хамтлагийн гишүүдийн найз нөхөд, Шведийн урлаг соёлын алдартнууд зэрэг цөөн тооны зочид уригдан оролцсон ч, АББА тайзнаа эргэн нэгдсэн тухай мэдээ, тоглолтын гэрэл зургууд л дангаараа олон улсын хэвлэлүүдээр багагүй шуугиан тариад байна.

АББА хамтлаг 1974 оны Евровишн наадамд ялалт байгуулснаасаа хойш дэлхий даяар нийт 400 тэрбум гаруй цомог борлуулсан байдаг. 1982 онд тус хамтлагийн сүүлчийн аялан тоглолт болж, дараа онд нь хамтлаг тарсан юм. Энэ онд АББА-гийн гишүүдээс хамгийн залуу нь буюу Агнета Фэльтског 66, харин хамгийн ахмад нь буюу Бьорн Ульвеус 71 нас хүрч байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АББА хамтлагийн гишүүд тайзнаа эргэн нэгдлээ  
Үзсэн: 2353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй