Японы баруун өмнөд хэсэгт оршдог Кумамото мужид дахин нэг удаа газар хөдлөлт болжээ. Өчигдөр тус мужийн Яцуширо хотод орон нутгийн цагаар 22 цагийн орчимд газар хөдөлсөн байна. "Эн-Эйч-Кей" сувгийн мэдээлж байгаагаар тус газар хөдлөлт Японы газар хөдлөлтийн 7 зэрэгт шаталбарын 5 хасах шаталбар буюу 4.3 магнитудтай дүйцэхүйц хүчтэй байжээ.
Мөн Кюүшюү арлын бусад хэсэгт Японы 3 хүртэлх шаталбарын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт газрын гадаргаас 7 километр гүнд байсан юм байна. Газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтээгүй, барилга дэд бүтцэд эвдрэл гараагүй талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Мөн цунами үүсэх аюулгүй болохыг холбогдох албаныхан мэдэгдлээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Кумамото мужид 2 удаагийн хүчтэй газар хөдлөлт болж, 50 орчим хүн амь үрэгдсэн. Үүнээс хойш 2 сарын хугацаанд тус бүс нутагт 1 магнитудаас дээш хүчтэй 1700 гаруй дайвар чичиргээ бүртгэгдээд байгаа юм. Иймээс цаашид дахин хүчтэй газар хөдлөлт болж магадгүй байгаа тул Кумамото мужийн ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг Японы ус цаг уурын агентлаг анхааруулсан байна.
Японы Кумамото мужид дахин хүчтэй газар хөдлөлт болжээ | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.