Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ОХУ, Английн багуудын хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээсэн. Энэ мэт эмх замбараагүй байдал дахин дэгдсэн нөхцөлд ОХУ, Английн багуудыг тэмцээнээс хасна гэдгээ Европын хөлбөмбөгийн холбоо албан ёсоор мэдэгдлээ. Өнгөрсөн бямба гарагт Орос, Английн багууд тоглох үеэр Оросын баг Английн хаалганд гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Үүний дараа Оросын хөгжөөн дэмжигчид хаалтыг даван гарч, Английн хөгжөөн дэмжигчид рүү дайрснаас үймээн дэгдсэн. Иймээс УЕФА-гийн зүгээс Оросын хөгжөөн дэмжигчдийг олон нийтийн дунд үймээн дэгдээсэн, тоглолтын цэнгэлдэх хүрээлэнд салют буудуулсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутган, Оросын багийн эсрэг сахилгын шийтгэл оноох талаар хэлэлцэж эхлээд байна. Мөн Орос, Английн тоглолтын үеэр хоёр талын хөгжөөн дэмжигчдийг тусгаарласан хаалт төдийлөн чанаргүй байсан талаар шүүмжлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УЕФА хоёр талын хөгжөөн дэмжигчдийн хоорондох хамгаалалтын хаалт хашилтыг нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдэв. Ирэх пүрэв гарагт Английн баг дараагийн учраатайгаа хүч үзнэ. Энэ тоглолтын үеэр аюулгүй байдлыг сахиулахад Их Британиас Францад цагдаагийн нэмэлт хүчээр туслахад бэлэн гэдгээ илэрхийлээд байна.
Хөгжөөн дэмжигчид нь дахин үймээн дэгдээвэл ОХУ, Английн багуудыг тэмцээнээс хасна | ||
Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.