Их Британийн ард иргэд хатан хаан II Элизабетийн 90 насны ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хатан хаан II Элизабетийн төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 21-ний өдөр тохиодог. Гэхдээ тус улсын ард иргэд цаг агаар илүү таатай байдаг зургаадугаар сард хатан хааныхаа нас нэмсний ойн баярыг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм. Энэ оны хувьд Хатан хаан II Элизабетын 90 насны ойн баярын тэмдэглэлт үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагаас эхэлж, өчигдөр өндөрлөв. Баасан гарагт буюу зургаадугаар сарын 10-нд Хатан хаан Элизабетийн нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филиппийн төрсөн өдөр давхардан тохиосон гэдгээрээ онцлог байлаа.
Тус өдөр хунтайж Филипп 95 насны ойгоо мөн тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Ийнхүү давхар баяр тохиосон баасан гарагт хатан хааны гэр бүл Гэгээн Павлын сүмд хүрэлцэн очиж, хүндэтгэл үзүүлсэн. Харин бямба гарагт Лондон хотноо Их Британийн хатан хаан мэндэлсний ойд зориулсан цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдсан байна. Энэ оны сүрт жагсаалд Их Британийн цэргийн уламжлалт хувцсаар жигдэрсэн 1300 гаруй цэрэг, 300 морьт цэрэг оролцож, олны нүдийг хужирласан юм.
Харин өчигдөр, хатан хаан II Элизабет гэр бүлийнхээ хамтаар Их Британи болон Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнуудын 600 гаруй байгууллагын 10 мянган төлөөлөгчтэй үдийн зоог барьсан байна. Үүгээр хатан хааны 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа өндөрлөлөө. Хатан хаан II Элизабет 1926 онд мэндэлж, 1952 онд буюу 26 насандаа хаан ширээнд өргөмжлөгдсөн юм. Тэрээр Их Британийн хамгийн урт насалсан хатан хаанаар 2007 онд тодорсон бол өнгөрсөн оны есдүгээр сард хамгийн урт хугацаанд Их Британийн хаан ширээнд суусан эрхэм дээдсээр тодорсон юм.
Их Британийн хатан хаан II Элизабетийн 90 насны ойг тэмдэглэлээ | ||
Үзсэн: 1461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.